Өмнөговийн усны нөөц, ногоон хөгжлийн зургийг гаргана

391


Өмнөговьд томоохон уул уурхайн орд газрууд үйл ажиллагаа явуулж хэрэгцээгээ гүний усаар хангаж ирсэн. Энэ нь  монгол орны газрын гүний усыг хомсдуулах эрсдэлтэй юм. Учир нь Монгол Улсын газар доорх усны ашиглах боломжит  нөөц,  ус хэрэглээний  хэтийн төлөвийн  харьцуулсан   судалгааны  дүнгээр  говийн   бүс  нутаг дахь  уул  уурхай,  үйлдвэрлэл,  бусад  усны  хэрэгцээг  газрын  доорх усаар  2020 оноос өмнө хангах боломжгүй  гэсэн судалгааг  эрдэмтэд 2014 онд танилцуулж байв. Мөн монголчууд  нийт хэрэглээнийхээ 80 орчим хувийг гүний уснаас хангадаг . Тиймээс газар доорх цэнгэг ус нь стратегийн эрдэс баялаг гэдгийг нийтээрээ  хүлээн  зөвшөөрч, түүний ашиглалт, хамгаалалт, судалгаанд  төрийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг  Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлсэн  “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийг хэрэгжүүлэгчид анхааруулж байсан юм.  Усны ассоциацийн тэргүүн, доктор Д.Батмөнх монгол орны усны нөөц, ашиглалт, ус хэрэглэний талаар тухайн үед  “Говийн бүс дэх газар доорх усны ордууд усны нөхөн  сэлбэгдэх чадвар муутай, хэрэв усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин нь буурах, шавхагдах эрсдэлтэй, усны ууршилт өндөртэй. Ийм эрсдэл нь цаашид бүс нутгийн хэмжээнд хуурайшилт бий болох, цөлжих аюулыг дагуулна. Энэ  бүс дэх  усны ордуудыг ашиглах нь  маш эмзэг, бүс нутгийн тэнцвэрт байдлыг хадгалах асуудалд  хүргэнэ.
Иймээс говийн  бүсийн  газар доорх усны ордын  усны нөхөн сэлбэгдэх бодит боломж, тэжээмжид  тулгуурлан  ашиглах бодлого явуулах,  үүний  тулд   иж бүрэн  судалгааны  ажил явуулах  шаардлагатай. Өмнийн говьд Оюутолгой, Тавантолгой, Шивээ овоо, Цагаан суврага, Ухаа  худаг, Нарийн сухайт  болон  бусад  орд газрыг ашиглаж эхлээд байна. Энэ бүс нутаг  дахь  уул уурхай, үйлдвэрлэл,  бусад усны  хэрэгцээг  газрын доорх усаар 2016-2017 оны  түвшинд  хангах  боломжгүй  болж  байгааг  газар доорх усны  ашиглах боломжит  нөөц,  ус  хэрэглээний  хэтийн  төлөвийн  харьцуулсан   судалгааны үр дүнгээр тогтоож байна” гээд   усны  нөөцийн судалгаа явуулах шинжлэх ухааны  үндэслэлтэй  нэгдсэн арга зүйтэй болох  шаардлагатайг тэмдэглэж байсан билээ. 
Өмнөговьчууд ч гэсэн    усны нөөц, чанарынхаа  талаар  олон жил ярьж ирсэн. Үүнийг тойрсон  хэрэгжээгүй болон  зарим  судалгааны түвшинд яваа ажлууд ч   байдаг ажээ. Иймээс өөрсдөд нь  хамгийн тулгамдаж  байгаа усны асуудлаар  иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран  гарц шийдэл олох зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулганыг ирэх сарын 10-нд хийхээр болжээ.
 Чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил”, “Нүхэн жорлонгүй ногоон хот” зэрэг НҮТББ-тай хамтран зохион байгуулах юм байна.Энэ үеэр говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж, говийн хөдөө аж ахуй,  мал аж ахуйн  усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлэхээр болжээ.
Харин судлаач,  эрдэмтдийн зүгээс  говийн усны нөөц, усны чанар, Улаан нуурыг тэтгэх төсөл,  гидрогеологийн зураглал, саарал усны технологи, инновацийн технологи, устөрөгчийн эрчим хүч, говийн эрчим хүчний ирээдүй, хот төлөвлөлт ба дэд бүтцийн хөгжил зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавих юм. 
 “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган нь Өмнөговь аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн нэг удаа чуулаад өнгөрөх биш цаашид бодитой ажил хэрэг болгох зорилт тавьсан. Чуулганы  үеэр саарал ус, эко жорлон, усыг эрдэсжүүлэх, бордоо бэлтгэх зэрэг орчин үеийн технологийн шийдлийг харуулсан үзэсгэлэн гаргаж, говийн иргэдийн амьдралд тустай зөвлөгөө, мэдээлэл өгөхөө  зохион байгуулагчид мэдээллээ.
Мөн чуулганыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулна. Гарсан үр дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийж, ард иргэдэд нээлттэй мэдээлнэ гэв.
Өмнөговь  аймаг газар нутгаа гурван бүсэд хуваадаг. Нийт нутгийн 8.8 хувь нь тусгай хэрэгцээнд байдаг бол  3.3 хувийг нь  ашиглалт малтмалын  лицензтэй газар эзэлдэг. Аймгийн хэмжээнд ашигт малтмалын 99 зөвшөөрөл байдаг.  Сүүлийн жилүүдэд орон нутгаас ашиглалтын лиценз нэмж олгохгүй байх бодлого барьж ажилласнаар тодорхой хэмжээгээр буурч байгаа гэдгийг өнгөрсөн хавар Даланзадгад хотноо болсон “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн анхан шатны хэлэлцүүлэгт орон нутгийн удирдлагууд онцолж байв.
Одоогоор тус  аймгийн нутаг, стратегийн орд газарт найман компани үйл ажиллагаа явуулдаг. Нийт газар нутгийн 66.8 хувийг  тусгай хамгаалалтад авсан ч  өнөөгийн байдал хүнд. Учир нь уул уурхайтай холбоотойгоор ус, малын бэлчээр, тоосжилтын асуудал  ямар нэг шийдэл олохгүй бол цаашид хүндрэхээр байгаа. Уул уурхайн усны хэрэглээгээр хамгийн их ус хэрэглэдэг уурхай нь Оюутолгой, Энержи ресурс бол уул уурхайг дагасан болон  Улаанбаатараас  уурхай  руу чиглэсэн тээвэрлэлтээс үүдэж тоосжилт үүсч байгаа ажээ.
Өнөөдөр дэлхий дээрх усны нийт нөөцийн 97.4 хувийг далайн давстай ус, үлдсэнийнх нь талаас илүү хувийг  Гренландын арал, Гималай, Анд, Альп зэрэг өндөр уулын мөс цас эзэлдэг.  Харин бидний хэрэглэдэг цэвэр ус дэлхийн нийт усны ердөө нэг хувь бөгөөд дэлхий дахинд жилд 1.8 сая хүн цэвэр усны хомсдолоос болж хорвоог орхидог гэсэн судалгаа байдаг. ДЭМБ-ын судалгаагаар 2030 он гэхэд дэлхийн хүн амын гуравны нэг хувьд  ундны ус хүрэлцэх тооцоог гаргаад байгаа юм.
Монгол орны усны нийт нөөцийн хэмжээ 608.000 сая шоо метр жил   бөгөөд үүний   90 хувийг гадаргуугийн, үлдсэнийг  газрын гүний ус эзэлдэг.  Гол, мөрний  усны нөөцийн 70 гаруй  хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн  уулсын өндөрлөг  хэсэг буюу нутаг  дэвсгэрийн  30 гаруй  хувьд бүрэлддэг. Энэ нь  өндөр уулын  бүсэд  250 мм -ээс дээш  хур тунадас  буудагтай  холбоотой. Гэхдээ Монголын  орны гол, мөрний урсацын ихэнх  хэсэг  нь  гадагш  хил даван  урсдаг онцлогтой. Хангайд гадаргын усны ихэнх байх бөгөөд харьцангуй нөхөн сэлбэгдэх чадвартай гэж үздэг бол  гүний ус голдуу говь нутгийн хөрсөн доор байх бөгөөд нөхөн  сэлбэгдэх чадвар муутай. Хэрвээ  усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин нь  буурах, шавхагдах эрсдэлтэй. Энэ нь цөлжилт, хуурайшилтыг дагуулах аюултай гэж  судлаач, эрдэмтэд үздэг. Тиймээс аль болох гадаргын усаа ашиглах, гүний усаа нүдний цөцгий мэт хайрлахыг  сануулсаар ирсэн. Энэ ч үүднээс хангайгаас говь руу зарим голын гольдрилыг өөрчлөн урсгах төсөл УИХ-ын түвшинд яригдаж байсан удаатай.
Энэ удаа өмнөговьчууд өөрсдөө санаачлан  усны нөөц, ногоон хөгжлийнхөө бодлогыг тодорхойлохоор  болжээ. Тэд ямар зураг гаргахаас өмнийн говийн  ирээдүй шийдэгдэхээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.8.17  ДАВАА № 157 (6382)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn