Аймгийн алдартнуудаа өргөмжлөн алдаршуулав

39


2020 онд ажил үйлсээрээ шалгарсан "Есөн алдартан"-аа өргөмжилж алдаршууллаа. Ажиллаж буй салбар бүртээ тэргүүлсэн шилдгүүдэд алдартны тууз, батламж, нэг сая төгрөгийн шагнал гардуулав.
1. “Оны шилдэг ажилчин”- Дэмбэрэлийн БатцэрэнАймгийн Засаг даргын Тамгын газар тасралтгүй 36 жил ажиллаж, мэдээллийн технологи нэвтрүүлэх ажлын хүрээнд цахим архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгосон байна. Тэрээр архив албан хэрэг хөтлөлтийн 2 удаагийн улсын үзлэгт амжилттай дүн үзүүлж 2015 онд улсад тэргүүн байр эзэлсэн. Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд 2002, 2015, 2017 оноос архив, албан хэргийн программ хангамжийг ашиглаж, төрийн үйлчилгээг иргэдэд цахим мэдээллийн сангаас хүргэж байгаа юм. Мөн сум байгууллагын бичээч, бичиг хэргийн эрхлэгч болон байгууллагын ажилтнуудад архив, төрийн албан хэрэг хөтлөлт, удирдлага зохион байгуулалтын стандартаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Үүнээс гадна байгууллагын архивыг байгуулж, цаасан суурьтай баримт болон цахим баримтаар нөхөн бүрдүүлэлт хийж баяжуулан үйл ажиллагааг нь тогтмолжуулан ажиллаж байна.
2. “Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан”- Гүндсамбын ШижиртуяаОрон нутагт анх удаа дурангийн мэс засал, дунд чөмөг, шилбэний хугарлыг түгжээт хадаасаар бэхлэх бага хүрцтэй мэс засал, ивэрхийг физиомешь ашиглан нөхөх мэс засал, төрөлхийн хэвлийн ханын цоорхойтой нярайн хэвлийг сило уут ашиглан нөхөх анхан шатны мэс засал, гавлын цоорхойг титанан нөхөөсөөр нөхөх мэс засал, өвдөгний хиймэл үе шилжүүлэн суулгах мэс засал, тасарсан шууны артер залгах мэс засал, цээжний хөндийд вакум соруулга бүхий эвак аппарат тавьж уушгийг сэргээх зэрэг мэс заслын орчин үеийн үр дүнтэй эмчилгээний аргуудыг санаачлан амжилттай нэвтрүүлж ажилласан.
3. “Оны шилдэг боловсролын ажилтан”- Дашийн СумьяаБага ангийн сурагчдад зориулсан гарын авлага 6 төрлөөр хийсэн. Өөрийн шилдэг арга зүй болох “Сурагчид хүрдээ хялбар тогтоож чадваржих”, “Өгүүлбэртэй тоог зурган хэлбэрээр ойлгож чадваржуулах нь” арга зүй, “Цэвэр сайхан бичихэд дөхөм” болох нь туршлагаа аймгийн багш нарт түгээн дэлгэрүүлсэн. Даасан анги нь сүүлийн 4 жил тасралтгүй сурлагын ахиц 100 хувийн амжилттай, 80 хувиас дээш чанарын үнэлгээтэй суралцаж байна. 2020 оны байгууллагын оны аварга шилдэг багш болсон байна.
4. “Оны шилдэг авьяастан”- Батнасангийн ХалиунМонгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр /2020.01.12/, Монгол Улсын шатрын спортын дэд мастер, Зуун мод шатрын клубын анхдугаар нээлттэй тэмцээнд эмэгтэй ангилалд 3-р байр /2020.09.20/, "Москва опен-2020" олон улсын нээлттэй тэмцээний "u-2300" насанд хүрэгчдийн ангилалд амжилттай тоглож, чансаагаа 33,8-аар нэмэгдүүлж гадаад чансаа 1900 давуулсан үндэслэлээр батлагдаж, дэлхийн шатрын холбооны мастер цол хүртсэн. /women fide master/
5. “Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт”- “Батмөнх даян хаан” сонсдог ном /”Батмөнх даян хаан”-ыг алдаршуулах нийгэмлэг/-ийн гүйцэтгэх захирал Л.БатчулуунБатмөнх даян сэцэн хааныхаа үйл хэргийг алдаршуулах, судлан сурталчлах, олон нийтэд хүргэх зорилгоор “Батмөнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг”-ийг 2019 оны 03-р сарын 22-ны өдөр үүсгэн байгуулсан. Тус нийгэмлэгээс санаачлан хийсэн сонсдог номыг Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Батчулууны санаачилгаар “Тавантолгой” хувьцаат компанийн санхүүжилтээр түүхч, төрийн соёрхолт Д.Өлзийбаатарын өгүүлснээр 8 цагийн бүтээлийг түмэн олондоо өргөн барьсан билээ.
6. “Оны шилдэг хөрөнгө оруулагч”- /Таван толгой ХК/2020 оны ажил үйлсээрээ манлайлж хамгийн их хөрөнгө оруулалтыг улс, аймагтаа төвлөрүүлэн ажилласан. Тухайн онд нийтдээ 93 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэн ажилласан бөгөөд үүнээс аймагтаа 22,1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлсэн байна. Мөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Өмнөговь аймгийн 60-аас дээш насны ахмадуудад 2тн нүүр үнэгүй өгчээ.
7. “Оны шилдэг төрийн албан хаагч”-П.Отгон Сэврэй сум2020 онд 183784 толгой бог малыг баннанд шумбуулах болон шүрших аргаар угаах, 19000 ишгэнд шөвөг яр, 16800 хонинд дотрын халдварт, 540 унаганд сахуу, 2000 малд галзуугаас урьдчилан сэргийлэх тарилга, 467 малаас бруцеллезын шинжилгээ авах, 81400 м2 талбайг ариутгах ажлуудад арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавин ажилласан. Сумын нөөцөд өвөлжилтийн бэлтгэл хангах зориулалтаар 300 тн өвс, 90 тн тэжээлийг татан төвлөрүүлж малчдад хүргэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Суманд хөдөө, аж ахуйн салбартай холбоотой ажлуудыг бүрэн хариуцан, өөр аймаг суманд отроор өвөлжиж байгаа айл өрхүүдээр 3 удаа явж 143 өрхийн 73,2 мянган толгой малд өвс тэжээлийг хүргэн өгсөн.
8. “Оны тэргүүний малчин” С.Баяраа Гурвантэс сумЖилийн аль ч улиралд бэлчээрийг хуваарьтай ашиглан тэмээн сүргээ байнгын хариулгад байлгаж, ботголсон ингэ бүрийг саалинд сургадаг. 6 хүүхдээ удам залгасан малчин болгосон. Ахмад анчдаас чоно агнах арга ухааныг өвлөн авч 1976-2000 оныг хүртэл 81 чоно агнаж, орон нутгийнхаа мал сүргийг хамгаалсан, Нэмэгтийн ард идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг
9. “Оны шилдэг бизнесмэн” Ч.Одсүрэн Жилд 400 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Төгөл" хүнсний үйлдвэрийг байгуулан ажиллаж байна. Чацарганы шүүс, ундаа, тос, цэвэр ус гэх мэт 4 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байна. Тухайн үйлдвэрийн түүхий эдийг орон нутагтаа тариалдгаараа онцлог юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn