“Амин хэлхээ байгаль сан” ТББ-д хармагийн 3800 үрсэлгээг хандивлажээ
Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амин хэлхээ байгаль сан” ТББ-д "Оюу толгой" ХХК-аас хармагийн 3800 үрсэлгээг хандивлалаа. 2016 онд үрээр тарьсан Сибирь хармагийн уг суулгацын 2800-г нь Өмнөговь аймгийн Даланзадгад суманд тариалж байгаа бөгөөд 1000-ыг нь Номгон, Мандал-Овоо, Ханхонгор сумын нутагт байгалийн сэргэн ургалтыг дэмжиж тариалахаар төлөвлөжээ.“Амин хэлхээ байгаль сан” ТББ-ын тэргүүн Б.Баярчимэг хэлэхдээ "Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр он цаг улиран өнгөрөх тусам байгалийн доройтол газар сайгүй бий болж байна. Иргэд, байгууллага бүрийн үйл ажиллагааны онцлог, газар зүйн байршил, нөөц боломж зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд оролцох нь харилцан адилгүй байсаар байна.
“Амин хэлхээ байгаль сан” ТББ нь байгалийн жимст бут хамгаалах төслийг санаачлан, 2012 оноос хармаг жимс болон говийн бусад ургамлыг экосистемд нь арчлан хамгаалах боломж, үрээр болон сэжмээр тариалах ажлуудыг судалгааны түвшинд хийж гүйцэтгэн, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажилласаар ирсэн. Энэхүү үйл ажиллагаанд нутгийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож байгаад бид талархаж байдаг. "Тогтвортой хөгжил-2030" хөтөлбөрийн 15-д “Ой, хээрийг хамгаалж, цөлжилтийн эсрэг тэмцэх, биологийн төрөл зүйлийн хорогдлыг зогсоох” зорилготой зүй ёсоор нийцэж буй дээрх ажлыг "Оюу толгой" ХХК сайшаан дэмжиж байна. Уг компани байгаль орчны чиглэлээр олон үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлж байгаагийн нэг нь байгалийн ургамлын үржүүлгийн газарт, говийн бүс нутгийн модлог, сөөг, сөөгөнцөр ургамлуудыг үржүүлж байгаа юм. Уг талбайд говийн ургамлуудыг үр болон мөчрийн тайрдсаар тарьж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, байгууллагуудыг дэмжин хамтран ажилладаг. 2019 оноос манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хармаг болон бусад сөөгөн ургамлаар суулгац хандивлаж байсан. Энэ онд ч мөн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна" гэлээ.