Цагаан хадны жолооч нараас “Кофены мөнгө” нэртэй 2 сая төгрөгийн авилгал нэхэх болжээ

22
Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос  санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл сэтгүүл зүйг хөгжүүлье” төслийн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Цагаан хадны боомтод зорчсон сурвалжлагыг хүргэж байна. 
Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсгийг нуруундаа тээж яваа бүс нутаг бол Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хадны боомт юм. 
Төрийн бодлогоос хол хаягдсан уг бүс нутгийг “Төрд мартагдсан Цагаан хад” хэмээн нэрлэх нь ч бий. Учир нь нарийн ширхэгтэй хар шороон түйрэн дунд өдөр шөнийг үл ялган БНХАУ-ын Ганц модны боомтыг зорих арван мянган нүүрс тээврийн жолоочийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж хөдөлмөрлөх, хооллож ундлах, усанд орох, бие засах гэх мэт хүний анхдагч хэрэгцээг хангах наад захын орчин нөхцөл тэнд алга байгаа нь ингэж нэрлэгдэхэд хүрсэн биз ээ.
Үүнээс гадна Цагаан хад орчимд гэрээт цагдааг эс тооцвол төрийн үйлчилгээ гэдэг зүйл байхгүй байгаа нь нууц биш. Учир нь энэ бүс нутагт тээвэрт явж буй жолооч нар эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ огт авч чаддаггүй бөгөөд үүнээс болж амь насаа алдах тохиолдол элбэг ажээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн жилд л гэхэд Цагаан хад орчимд 89 жолооч амь насаа алдсанаас 75 нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадалгүй нас баржээ.  
Гэсэн ч Цагаан хаданд ажиллаж буй тэдгээр хүмүүс төрд мартагдсан гэж гомдол мэдүүлэхээсээ илүүтэй “Өөрсдийнхөө төлөө, ар гэрийнхээ төлөө л ажиллаж байна шүү дээ” гэх бодлоор энэ бүхнийг тэсэж гардаг болох нь тэдний ярианаас төвөггүй ойлгогдоно.
Цагаан хадны боомтод 20 орчим гаалийн хяналтын талбай байдаг аж. Эдгээр талбайнуудад “Энержи ресурс” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Таван толгой” ХК гэсэн гурван том уурхайгаас олборлосон нүүрсийг ачиж ирэн буулгадаг бөгөөд богинын тээвэрт явдаг нүүрс тээврийн машинууд дээрх талбайгаас нүүрс ачин БНХАУ-ын Ганц модны боомтыг зорьдог байна.  
Цагаан хадны боомтоос Ганц модны боомт хүртэл 22 километр зайтай бөгөөд жолооч нар шороон зам болон  хатуу хучилттай зам гэсэн хоёр янзын сонголттой замаар тээвэр хийдэг ажээ. Тодруулбал, 70 тонноос доош нүүрс тээвэрлэсэн машинууд хатуу хучилттай замаар харин түүнээс дээш тонны нүүрс ачсан тээврийн хэрэгслүүд шороон замаар тээвэр хийдэг юм байна. Шороон замаар тээвэр хийхэд 2000 юанийн үнэлгээтэй байдаг бол засмал замаар тээвэр хийхэд 1500 орчим юанийн үнэлгээтэй байдаг гэх мэдээллийг бидэнд өгсөн юм.
Тиймээс таван цаасны ахиуг нь харсан хэн ч 70 тонноос илүү нүүрс тээвэрлэж шороон замаар тээвэр хийхийг илүүд үзэх болжээ. Үүнээс үүдэж Цагаан хад орчимд өдөр шөнийн алинд ч нарийн ширхэгтэй түйрэн үргэлж шахуу босч хүн, малын эрүүл мэндэд заналхийлэх болсоор уджээ.
Цагаан хаднаас Ганц модны боомт  хүртэлх богинын тээвэрт явдаг жолооч нарын тухайд нэг рэйс тээвэр хийхдээ 2000 юанийн цалин авдаг хэмээн ярьж байна. Энэ нь Монгол мөнгөөр 800 мянган төгрөг болох бөгөөд сардаа гурваас дөрвөн рэйс хийж чадвал 2-3 сая төгрөгийн цалин авах боломж бүрддэг байна.
Сүүлийн үед нүүрс тээврийн машины таталт сайн байгаа тул жолооч нар сардаа 3-4 сая давуулсан орлого олж байгаа талаараа хуучилж байв. Харин эсрэгээрээ БНХАУ-ын тал хилээ нээж машинуудыг оруулахгүй байх тохиолдолд хилийн наана хэдэн сараар ч хамаагүй урт дараалалд машиндаа хонон өнжин амьдрах нь энүүхэнд гэнэ.
Харин энэ байдал сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд тохиолдоогүй бололтой. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ БНХАУ-д 30 мянган хонь бэлэглэх шийдвэр гарсантай холбогдуулан хятадын тал Ганц модны боомтын дөрвөн хаалгаа дөрвүүлэнг нь нээгээд байгаа нь нүүрс тээвэрлэлтэд томоохон түлхэц үзүүлж байгаа талаар зарим жолооч нар ярьж байна.
Нүүрс тээвэрт явж буй ихэнх жолооч машиндаа гал тогооны хэрэгсэлтэй явах бөгөөд өөрсдөө тэндээ хоолоо хийж иддэг юм байна. Тэдний 90 орчим хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай, ар гэр нь цөм хотод байдаг гэнэ. Ихэнх жолооч хоёр сар гаруйн хугацаанд тээвэрт яваад завсраар нь 7 хоногийн хугацаатай ар гэртээ очиж амардаг гэв. Ард хоцорсон хэдийнхээ ахуй амьдарлын хэрэгцээг хангахын төлөө явж байгаа тэд хоол унд, тамхи тарианыхаа цөөхөн хэдэн төгрөгийг авч үлдээд үлдэснийг нь Улаанбаатарт байгаа хүмүүстээ шилжүүлдэг гэв.
Цагаан хаданд бүх зүйл үнэтэй. Жолооч нар уух ундны усаа л гэхэд литрийг нь зуун төгрөгөөр худалдаж авдаг. Гэтэл сүүлийн үед Цагаан хадны боомтод “Кофений мөнгө” гэсэн нэртэй хоёр сая  төгрөгийн өндөр үнэтэй авилгал гарч иржээ.
Цар тахлын улмаас хил гааль, мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас зөвшөөрөл авах болсноор ийм хэмжээний авилгал үүссэн талаар нүүрс тээврийн жолооч нар ярьж байна. Кофений мөнгө өгсөн тээврийн жолоочийн машин 2-3 рейс хийж байхад харин энэ авилгыг төлөөгүй бол 7 хоног үүнээс ч олон хоног машиндаа хонож, машиндаа хоолоо хийж, хүлээхээс өөр арга байхгүй. Ингэж залхаад ирэхээрээ кофений мөнгө төлөхөөс өөр аргагүй байдалд ордог талаараа Цагаан хадны жолооч нар ярьцгааж байлаа.
Р.Улам
ЗӨВ.мн
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn