Өмнөговьд замын төлбөр дутуу төвлөрүүлсэн зөрчил илрүүлж, 761 сая төгрөг нөхөн авчээ

14


Авлигатай тэмцэх газарт “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад–Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км авто замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулгатай гомдол иржээ.

Шалгалтаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2024 оны А/350 дугаар захирамжаар уг авто зам болон түүний зурвас газрыг нэр бүхий төрийн бус байгууллагад гурван жилийн хугацаагаар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэвч зам эзэмшигч тал зам ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувийг орон нутгийн авто замын санд бүрэн төвлөрүүлдэгүй байсан нь тогтоогджээ. Түүнчлэн гэрээний үүргийн хэрэгжилтэд зохих хяналт тавиагүй зөрчил илэрсэн байна.

2024, 2025 онд уг замаар аж ахуйн нэгжүүд давхардсан тоогоор 95,840 удаа зорчсон. Үүнд ногдох 958.3 сая төгрөгөөс ердөө 438.2 сая төгрөгийг төвлөрүүлсэн аж. Иймд АТГ-аас гэрээний талууд ашиг сонирхлын зөрчилтэй, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзжээ.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, зам ашигласны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийг орчин үеийн технологид тулгуурлан боловсронгуй болгох зөвлөмж хүргүүлжээ.

Зөвлөмжийн дагуу Өмнөговь аймгийн Засаг дарга төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулж, дутуу төвлөрүүлсэн 103.04 сая төгрөг болон дутуу мэдээлсэн 65,815 рейст ногдох 658.15 сая төгрөг, нийт 761.19 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлсэн байна.

 

Эх сурвалж: АТГ

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn