Монголын говийн баялаг хөрсөн доороо биш дээрээ бий

666

Говь гэхээр танд юу төсөөлөгдөж байна вэ? Өмнө нь бол маш их элс, тэмээ, ирвэс, мазаалай, үлэг гүрвэлийн өлгий нутаг гэсэн ойлголт л буудаг байлаа. Харин энэ ойлголт хүмүүст эдийн засгийн “утгагүй” санагдаж, одоо нүүрс, зэс, Оюутолгой, Тавантолгой л гэдэг болж дээ. Гэтэл үнэндээ ухаад дуусах, шавхагдах энэхүү нөөцөөс илүүтэйгээр Монголын говь хөрсөн дээрээ илүү баялагтай гэдгийг ойлгож, хөрөнгө оруулалтаа тийшээ чиглүүлж чадвал олон боломж бий. Хэдхэн санааг энд өгүүлье.
Боломж ба аялал жуулчлал
Монголын говь нь дэлхийн хамгийн том 24 цөлийн дотроос хүйтэн цөлийн ангиллаар нэгдүгээрт, талбайн хэмжээгээр тавдугаарт ордог байна. Эрс тэс, хуурай орчин нөхцөлтэй, дөрвөн улиралтай, нэмэх хасах хэмийн их зөрүүтэй. Үүнээс гадна эртний ховор олдворууд олдсон үлэг гүрвэлийн өлгий нутаг гэх мэт онцлогтой юм. Дэлхий дээр нийт 330 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосон бөгөөд түүний 16 хувь нь Монголын говиос олдсон билээ. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын гуравны нэг гадаад худалдааны 90 орчим хувийг говиос, тэр дундаа газрын доорх баялаг болох нүүрс, зэсээс бүрдүүлж байна. Тэгвэл говийнхоо энэ онцлогуудыг тодотгож, ашиглаж, бодит бүтээн байгуулалтууд хийж, аялал жуулчлалыг хөгжүүлбэл, бага өртөгөөр эрдэсийн орлогоос их валют олох боломж бидэнд бий.
Учир нь хүмүүсийн эдийн засгийн чадамжтай уялдаад аялах хүсэл нь нэмэгдсэн байна. Үүнийг дэлхийн аялал жуулчлалд эргэлдэж буй хөрөнгө, аялагчдын тооноос харж болно. Өнгөрсөн оны байдлаар 403.200 сая жуулчин гадагшаа чиглэсэн буюу олон улсын аялал хийжээ. Мөн 1.7 триллион долларын орлого аялал жуулчлалын салбар бүрдүүлсний 1.5 триллион доллар нь тухайн жуулчилсан газартаа орлого болон хуримтлагдаж, 256 тэрбум доллар нь жуулчдын тээвэрлэлтэд зарцуулагдсан байна. Дэлхийн олон
орны хувьд гадаад жуулчдын оруулж буй орлого эдийн засгийнх нь голлох хэсгийг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбар нь шууд ажлын байрыг нэмэхээс гадна олон хүнийг орлогын нэмэлт эх үүсвэртэй болгох, мөн нийт худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэх эерэг нөлөөтэй. Тухайлбал, дунджаар тухайн улсад ирж буй 30 жуулчин тутамд нэг ажлын байр бий болдог гэх судалгаа бий. 2018 онд гэхэд тус салбараас 37 мянган хүн ажлын байраар хангагдсан бол шууд бусаар 133 мянган хүний орлогод нөлөөлсөн гэх судалгаа байдаг. Тиймээс л Монголын говийн онцлогийг аялал жуулчлалаар харуулж, валют олох боломж буй юм.
Монголын говийн баялаг хөрсөн доороо биш дээрээ бий
Аялал жуулчлал ба Монголын говь
Монгол Улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авч, энэ салбараас тэрбум ам.долларын орлого олох зорилт тавиад хэдэн оныг үджээ. Угтаа бидний нэг сая жуулчинтай болох мөрөөдөл анх 2015 онд биелэх зорилттой байсан ч бид ганцхан зүйл л хийж чаджээ. Тэр нь зорилтоо биелэх хугацааг хойш сунгахаас өөрөөр зорилготойгоор нэг сая жуулчин авах бодит ажлыг тун хойрго хийсэн байна. Одоо ч бас энэ зорилт мөрөөдөл болох биз. 2020 онд сая жуулчин хүлээн авч,
1.1 тэрбум ам.доллар буюу 2.8 их наядын орлого олохоор төлөвлөсөн нь биелэх боломжгүй биз ээ. Учир нь, нүцгэн тоо худал хэлдэггүй. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар бид 477.9 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 46.2 мянгаар өссөн тоо аж. 2017 онд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 470 мянгад хүрч, салбарын орлого 400 мянган ам.долларыг давсан. Харин 2018 онд 10 гаруй хувиар өсөж, 529 мянгад хүрч, хөрөнгө оруулалт нь 569 мянган ам.доллар хүрч даруй 30 гаруй хувиар өссөн. Энэ нөхцөл байдлаас харвал 2020 онд Монгол Улсад ирэх жуулчны тоо зорьсон саяд хүрэхгүй.Тэр тусмаа дэлхий нийтийг хөл хорионд оруулаад байгаа коронавирусийн үед бидний зорилт мөрөөдөл хэвээрээ үлдэх нь бараг л ойлгомжтой биз.
Энэ бүхнээс харахад бид мөрөөдлөө томруулж байгаагаас зорилтдоо хүрэхгүй л байна. Гэхдээ бас мөрөөдөх нь буруу биш гэдгийг энд тодотгох ёстой. Агуу зүйлс анхандаа бүгд л мөрөөдөл байсан шүү дээ. Тиймээс ч ирэх дөрвөн жил буюу 2021-2024 онд 1.5 сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэх Засгийн газрын өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан шийдвэрийг зөвтгөх ёстой. Учир нь энэ боломжгүй зүйл биш юм. Гагцхүү “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн жуулчин ирэхэд саад болоод байгаа асуудлаа цэгцэлж, ирэх нөхцөлийг нь бүрдүүлэх нь нэн тэргүүний шийдэх зүйл юм. Монгол Улсад жуулчин ирдэг хамгийн оргил үе буюу наадмын үеэр л гэхэд Төв цэнгэлдэхийн суудлын хүртээмжгүйгээс бол 10 мянган жуулчин буцсан. Түүнчлэн аяллын өртөг өндөр, тийз захиалах, нислэгийн цаг хомс зэргээ шийдэх л хэрэгтэй. Үүнээс гадна дурсгалт, ховор олдвор бүхий газар нутгуудынхаа онцлогийг тодотгох, тэнд аялал жуулчлалд зориулсан цогцолбор байгуулах гэх мэт орчныг бүрдүүлэх шаардлагатай.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
Монголын говийн баялаг хөрсөн доороо биш дээрээ бийХүсээд байгаачлан нэг жилд нэг сая жуулчин хүлээж авахын тулд бид үйлчилгээгээ 1.5 дахин сайжруулах хэрэгтэй. Шийдэх ёстой чухал асуудлуудын нэг нь жуулчны баазын орчин үеийн албан ёсны байгууламж дутаж байгаа. Үүнийгээ шинэ түвшинд гаргаж Монголын хаана ч очсон тав тухтай байх нөхцөлийг бүрдүүлбэл нэг том ахиц гэж харж байна.
Монголын говь ба “Марс”
Монголын говьд аялал жуулчлалыг цэцэглүүлэх эхний алхамаа монголчууд хэдийнэ хийжээ. Энэ бол “Марс V” төсөл юм. Уг төслөөр Марс гарагт очих хүн төрөлхтний хүсэл, туршилтуудад тулгуурлан Монголын говьд цогц бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Учир нь дэлхийн хүйтэн цөлүүдийн дотроос Монголын говийн физик газар зүйн нөхцөл нь Марс гарагтай хамгийн дөхүү. Халуун хүйтний хэлбэлзэл, газар нутгийн хэмжээ их, хур тунадас багавтар, салхины эрч их зэрэг нь Монголын говийн давтагдашгүй онцлог. Говийн уур амьсгал нь зуны улиралд хуурай халуун, өвлийн улиралд эрс хүйтэн. Температурын хэлбэлзэл 85 градус. Жилийн агаарын температур -37 хэмээс +40 хэм хүрдэг. Хоногийн ба улирлын температурын хэлбэлзэл маш ихтэй. Хөрсний гадарга дээр нэгдүгээр сард 12-18 хэм хүртэл хүйтэн. Долдугаар сард 24- 32 хэм хүртэл хална. Үнэмлэхүй их нь 70 хэмийн халуун. Ургамлын хувьд бүрэн ургалтын үе нь дөрөвдүгээр сарын дунд үеэс аравдугаар сарын эхэн үе хүртэл 160-180 хоног үргэлжилнэ. Нийт 497 зүйл ургамал бүртгэгдсэн. Нартай өдрийн тоо дунджаар жилд 355-360 хоног байна. Хөрс нь элсэн цөл, чулуут цөл гэсэн хоёр хэв шинжид хуваагддаг. Цөлд ус чийг хэт хомс, хуурай халуун, салхи ихтэй байдаг учраас өвс ургамал тун сийрэг төдийгүй тачир намхан ургадаг. Салхины дундаж хурд, 2.3-2.8 метр сек ба 4, 5 дугаар сард 4.5-5.0 м/сек хүрнэ. Зарим жил хаврын улиралд салхины хурд 40 м/сек-ээс илүү болдог. Шороон шуургатай өдөр олон. Хур тунадас маш бага. Жилд дунджаар 39-65 мм хур тунадас унадаг. Энэ байдлаараа Марс гарагтай хамгийн дөхүү гэсэн дүгнэлтийг төслийн багийнхан танилцуулж байгаа юм. Мэдээж энэ их онцлогийг олж харж чадсан уг төсөл хэрэгжсэнээр Монголын говьд уул уурхай бус аялал жуулчлал хөгжих юм. Энэ нь дэлхийн аялал жуулчлалын байгууллагаын зарласнаар аялал жуулчлалын салбарын өсөж буй хоёр салбарын нэгээр сансрын аялал жуулчлал нэрлэгдсэн энэ үед бүр ч боломжтой юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд НАСА албан ёсны сансрын аялал жуулчлалын мэдэгдэл хийсэн. Ингэснээр 2020 оноос эхлэн хувийн сансрын нисэгчдийг Олон улсын сансрын станц уруу нисгэхээр болсон юм. Энэхүү нислэгт нэг сансрын нисэгчийн нэг өдрийн төлбөр 35 мянган ам.доллар гэж зарласан.
Ингэхээр яах аргагүй Монголын эдийн засгийн ирээдүй аялал жуулчлал юм. Харин аялал жуулчлалыг Монголын говь. Монголын говийг “Марс V” гэж харж болох нь.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn