Хөнгөн цагааны үнэ өсжээ

31

ЛОНДОН, 2025 оны аравдугаар сарын 29 /Trading Economics/.
 Мягмар гарагт хөнгөн цагааны үнэ сүүлийн 3.5 орчим жилийн дээд түвшинд хүрчээ. Лондоны металлын биржийн (LME) арилжааны явцад гурван сарын хугацаанд нийлүүлэх хөнгөн цагааны фьючерс хэлцлийн үнэ 0.6 хувиар өсөж, нэг тонн нь 2893.5 ам.доллар болсон бол өсөлт үргэлжилсээр 2900.3 ам.долларт хүрсэн нь 2022 оны тавдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Ойрын хугацаанд зах зээлд нийлүүлэлт хязгаарлагдмал, урт хугацаанд эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаагаас шалтгаалан үнэ өссөн гэж шинжээчид үзэж байна. 

Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч улсуудын нэг болох Хятадын эрх баригчид тус салбарын ширүүн өрсөлдөөн үйлдвэрлэгчдийн үнийг бууруулахад нөлөөлж байгаа тул хүчин чадлын илүүдэл үүсэхээс сэргийлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Хятадад хөнгөн цагаан үйлдвэрлэлийн дээд хэмжээ жилд 45 сая тонн бөгөөд энэ онд тус хэмжээнээс давж гарах төлөвтэй байна.

Нийлүүлэлтэд дарамт учруулж буй өөр нэг хүчин зүйл нь зарим томоохон үйлдвэрт үүссэн үйл ажиллагааны хүндрэлүүд юм. Тухайлбал, Исландын "Grundartangi" үйлдвэрийн хоёр электролизийн шугамын нэгийг цахилгаан тоног төхөөрөмжийн гэмтлийн улмаас түр зогсоожээ.

Түүнчлэн Америкийн "Alcoa" компани Австрали дахь "Kwinana" үйлдвэрийнхээ үйл ажиллагааг бокситын хүдрийн чанар муудсантай холбоотойгоор зогсоохоо мэдэгдсэн байна. Харин цахилгаанжуулалтын чиглэлээр хурдацтай өсөж буй салбаруудын хэрэглээ ихээхэн нэмэгдсэн, мөн АНУ, Хятадын хооронд худалдааны гэрээ байгуулах нь төлөвтэй байгаа нь эрэлт өсөхөд нөлөөлж байгаа ажээ. 


Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn