ӨМНӨГОВЬ: Ууцны хонийг дунджаар 200.000-300.000 төгрөгөөр борлуулж байна

278


2023 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх онтой харьцуулахад улсын хэмжээнд 12.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Харин Өмнөговь аймгийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 11.6 хувиар өссөн байна. Сар шинийн баяртай холбогдуулан  хүнсний ногоо, махны үнэ өсжээ.   

Өмнөх сарын бараа бүтээгдэхүүний үнэтэй энэ сарын үнийг харьцуулан үзэхэд мах 1000-7400 төгрөг, хүнсний ногоо 500-4000 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байгаа талаар аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Хонины мах 10500, хонины сүүл 12000,  үхрийн мах 17500, ямааны мах 8500, тэмээний мах 9000, адууны мах 12000-13.000 төгрөгөөр тус тус худалдаж байна.

Өмнөговь аймгийн хэмжээнд ган, зудтай холбоотойгоор сүү, цагаан идээ хомсдолтой байгаа юм. Цагаан идээ борлуулж байгаа худалдаа эрхлэгчид Архангай болон Өвөрхангай аймгаас цагаан идээгээ татан авч борлуулж байгаа гэлээ. 



Ингэний сүү, хоормог 13000, ингэний аарц 34000,  үхрийн шүүрмэг 25000-32000,  ямааны шүүрмэг 37000,өрөм 23000-25000,үхрийн шүүрмэг 25000, шар тос 35000, хэвийн ааруул 32000 төгрөг байгаа бол ууцны хонь дунджаар 200.000-300.000 төгрөгөөрборлуулж байна. 
Даланзадгад сумын 4-р багийн иргэн О.Эрдэнэчухал

Энэ жил сар шинийн баяраа бэлгэдэл ёсоо даган идээ будаагаа өргөн дэлгэр бэлтгэн тэмдэглэж өнгөрүүлнэ. Өмнөх жилүүдэд халдварт цар тахлаас шалтгаалаад цомхон тэмдэглэсэн. Ээж, эмээдээ золгоогүй гэртээ өнгөрүүлсэн. Бүх нийтээрээ тийм л байсан байх.
Сүүлийн үед хүмүүс нэг нэгэндээ ихэрхэж илүүрхэх гээд үнэ мэдсэн их өртгөөр л сар шинээ тэмдэглэсэн тухай ярьдаг. Энэ баярын утга агуулга, ёс уламжлал талд нь илүү анхаарлаа хандуулаасаа гэж л хүсдэг. Монгол үндэстний цор ганц түүхэн уламжлалт баяр маань ёс жаягаа алдалгүй, уламжлалаараа хойч үедээ хүрч яваасай. Сүүлийн үед залуус манайх цагаан сард их ач холбогдол өгдөггүй, хийхгүй гэж ярьж байхтай цөөнгүй таарлаа. Монголчууд бид амны билгийг их эрхэмлэж, сайхан бүхнийг ярьж амьдрал ахуйгаа ерөөж ирсэн ард түмэн. Магадгүй үнийн өсөлтөөс бас шалтгаалж байж магад. Сар шинийг бэлтгэлээ хийх гээд үнэ судлахад хүнс, барааны үнэ нэмэгджээ. Ялангуяа мах, ногоо, цагаан идээний үнэ их нэмэгдсэн байна. Сар шинэ дөхөөд ирэхээр бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэх болов уу гэж бодож байна.  
Иргэн Г.Хоролгарав 

Энэ жилийн хувьд хүмүүс сар шинийн баяраа их өргөн дэлгэр тэмдэглэх төлөвтэй байна.  Манай аймгийн нутаг дэвгэрээр зудтай байгаа болохоор сар шинийн гол хэрэглэгдэхүүн болох цагаан идээ харьцангуй үнэтэй, олдоц муутай байх шиг байна. Говийнхоо цагаан идээг олж авч чадахгүй л байна.
Худалдаагаар байгаа ихэнх цагаан идээг хангайгаас татан авчирчээ. Өрөм 28000, сүүн хурууд 33000, шүүрмэг 28000, шар тос 35000, зөөхий 30000, ээзгий тос 25000, монгол архи 8000, ямааны цагаан тос 40000, хэвийн ааруул жижиглэнгээр 35000, багцаараа 340.000 төгрөгийн үнэтэй байна.
Бусад мах болон хүнсний ногоо үнэ нэмэгдсэн байна. Ер нь энэ жил үнэ нэлээн өссөн. Уламжлалт баяраа өөрийн боломжоороо  үр хүүхэд, ураг төрлийнхөө хүрээнд өргөн дэлгэр сайхан тэмдэглэн өнгөрүүлнэ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn