Д.Бат-Эрдэнэ: Бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулаад явах хүсэлтэй
АТГ нүүрсний гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарыг яллагдагчаар татаж, ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ. Хамгийн эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх хуулийн зохицуулалттай. Тус дэд хороо өнөөдөр хуралдаж байна. Үүнтэй холбогдуулан Д.Бат-Эрдэнэ гишүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Намайг зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэж буруутгаж байгаа. "Тавантолгой" ХК-ийн ногдол ашгаас 15 тэрбум төгрөг завшсан байна. Үүнийгээ зохион байгуулалттай бүлгээр дамжуулан хийсэн байна гэсэн. Би мөрдөн байцаах ажиллагаанд ямар ч саад учруулаагүй. Надаас гурван удаа мэдүүлэг авсан. Дуудсан цаг хугацаанд нь очсон. Цаашдаа Өмнөговь аймгийнхаа иргэдийг төлөөлөөд, хууль шүүхийн байгууллагын шаардлагыг нь биелүүлээд шалгуулаад явна гэж бодож байгаа"