Өмнөговьд хорт хавдрын өвчлөл, нас баралт улсын хэмжээнд хамгийн бага байна

48

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, албаны хүмүүс өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллажээ. Өмнөговь аймаг нь Монгол орны хамгийн том газар нутагтай аймгийн нэг. Нийт хүн амынх 64 хувь нь Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумдад амьдардаг. 
Аймгийн эрүүл мэндийн салбарт 1233 ажилтан ажиллаж байгаагаас 23.9 хувь нь эмч, 20.6 хувь нь сувилагч байна. Хүний нөөцийн бүрдүүлэлт 86 хувьтай. 
Аймгийн хүн амын дундаж наслалт 73.7 байна. Үүнээс эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78.3, эрэгтэйчүүдийнх 69.6 байна. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 8.7 жилээр урт насалж байна. 
Хүн амын дундаж наслалт, нас баралтад амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн, цусны эргэлтийн тогтолцоо, шээс бэлгэсийн тогтолцоо, мэдрэлийн тогтолцооны өвчин голлон нөлөөлжээ. 
Эдгээр өвчлөлийг бууруулах зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. 
Өмнөговь аймаг хорт хавдрын өвчлөл нас баралтаар улсын дундаж, 21 аймгаас хамгийн бага үзүүлэлттэй. 2025 онд аймгийн хэмжээнд нийт 652 хүн хорт хавдраар оношлогдож, 53 хүн нас барсан нь өмнөх оноос нас баралт буурсан үзүүлэлт аж. 
“Эрүүл элэг” хөтөлбөрөөр 11,706 хүнийг элэгний хавдрын эрт илрүүлэгт хамруулж, B, D вирустэй, хавдрын 36 тохиолдлыг оношлон, 45 хүнийг эмчилгээнд хамруулжээ. 
Уул уурхай, тээвэр логистик эрчимтэй хөгжиж буй, хөдөлгөөнт хүн ам ихтэй тус аймаг эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байна. 2025 онд улс, орон нутгийн төсвөөр эрүүл мэндийн салбарт нийт 21.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ онд барилга байгууламж, тоног төхөөрөмж, автомашины шинэчлэлд 22.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. 

Эмч ажилтны нийгмийн хамгаалалд анхаарч, 105 эмч эмнэлгийн ажилчдад орон сууцны дэмжлэг үзүүлэн, 15 эмч, ажилтныг түрээсийн орон сууцанд хамруулжээ. Нутгийн дэм, орон нутгийн нэмэгдлийг сүүлийн гурван жилд тасралтгүй олгож, магистр, докторын сургалт, бусад мэргэжил дээшлүүлэх сургалтын төлбөрийг шийдэн, эмч ажилтнуудынхаа чадавхыг тасралтгүй сайжруулж байгааг эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлэв. 

2025 онд эмнэлгийн тусламж үйлчилгээндээ дараах шинэ технологиудыг нэвтрүүлжээ. 
-Бамбай булчирхайн эсрэг бие илрүүлэх шинжилгээ Anti TSHR, Anti TPO, Anti TG 
-Өөх тосны солилцоо Их нягттай липопротейн, Бага нягттай липопротейн 
-Хавдрын маркер тодорхойлох шинжилгээ, Түрүү булчирхай, өндгөвч, нойр булчирхай, элэгний хавдрын маркер
-Бэлгийн замын далд халдварын 7-н үүсгэгч тодорхойлох шинжилгээ
-CRRT буюу Бөөр тасралтгүй орлуулах эмчилгээний аппаратаар хүнд өвчтөний шээсэн дэх хорт бодисыг шүүх эмчилгээг хийж байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн орон нутгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд тасралтгүй хөрөнгө оруулж буй аймгийн удирдлагууд талархаж, эрт илрүүлэн, эрт оношилж эмчлэх тогтолцоог цаашид улам бэхжүүлэн ажиллах нь чухал гэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn