ӨМНӨГОВЬ АЙМГИЙН “ЭЗЭН” НЬ 44 КОМПАНИТАЙ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Ч.ЖАРГАЛСАЙХАН БОЛСОН УУ

256


-ТАНИЛЦ: Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайханы 44 компани-

        Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан төрд зүтгэхийн хажуугаар аймгийнхаа иргэдийн төлөө, намынхаа “ах” нарынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэдэг нэгэн бололтой. Дээрээс нь халаасан дахь 44 компанийнхаа төлөө зүтгэж байна гэх. Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан хэн хэнтэй хамтарч, ямар 44 компани эзэмшдэг вэ гэдгийг танилцуулж байна.

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “АЛТАНГОВЬ ГРУПП” ХХК

          Өмнөговийн нүүрсний бүлэглэл Ч.Жаргалсайхан, Ч.Батжаргалаар үргэлжилж болзошгүй ажээ. Ч.Жаргалсайхан ах, дүү нартайгаа хамтарч 1991 онд  аялал жуулчлалын чиглэлээр компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьж байжээ. Тэрбээр Аялал жуулчлал, Гадаад худалдаа, Барилга, Тээвэр ложистик, Гаалийн үйлчилгээ зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай. Толгой нь “Алтанговь групп” ХХК. “Алтанговь групп” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Чойжилийн Жаргалсайхан, Ерөнхий захирлаар Чойжилийн Батжаргал, Захирлуудын зөвлөлийн даргаар Чойжилийн Буянжаргал нар ажилладаг юм байна.

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “ГАЛБА РЕСУРС” ХХК

         Ч.Жаргалсайхан хүү Энхманлай, дүү Ч.Буянжаргал, төрсөн дүүгийнхээ хүүхэд болох Батжаргалын Долгорсүрэнтэй хамтарч “Галба Ресурс” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Уг компанийг 2011 онд Улаанбаатар, Сонгинохайрхан, 15-р хороо, нэгдүгээр хороолол, 19, 172 тоот дээр Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулж байжээ. Одоогоор  “Галба ресурс” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан Хаданд гаалийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, гаалийн ачилт, буулгалтын тайлбайн чиглэлээр газар авч, хоёр сая тонн нүүрс буулгах талбайг бэлтгэж байгаа гэнэ. Ч.Жаргалсайхан нь ИТХ-ын тэргүүлэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагаар дамжуулж том хэмжээтэй газар авсан байж болзошгүй ажээ.

“ШАНХ ТРАНС” ХХК

         Ч.Жаргалсайханы үүсгэн байгуулсан, хувьцаа эзэмшдэг “Шанх транс” ХХК нь 48 тээврийн хэрэгслээр нүүрс зөөдөг ажээ. Тодруулбал, “Шанх Транс” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдан нүүрс борлуулалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар өөрийн эзэмшлийн 48 тээврийн хэрэгслээр Таван толгой уурхайгаас Гашуун сухайт боомт- БНХАУ-ын чиглэлд  нүүрс тээвэрлэдэг ажээ. Мөн орон нутгийн бусад компаниудтай хамтран “Оюу-Толгой” зэсийн баяжмал экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс таван толгой” ХХК (Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд) Монгол Улс-БНХАУ-ын хооронд сүүлийн арван жил тасралтгүй нүүрс зөөж байгаа ажээ. Одоогийн байдлаар тус компаний хувьцааг Ч.Жаргалсайханы дүү, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан, “Алтанговь групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Батжаргал, Ч.Буянжаргал, Жаргалсайханы охин Уянга, хүү Энхманлай нар эзэмшдэг гэж бүртгүүлжээ. Гүйцэтгэх захирлаар нь Ч.Батжаргалын хүүхэд Дөлгөөн ажиллалаг. Тус компани Өмнөговь, Даланзадгад, гуравдугаар баг, Далан, 23 тоотод хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Гадаад, дотоод худалдаа чиглэлээр үйл ажиллагаа зөвшөөрөл авсан байдаг. Группийнхээ гол хөрөнгийг “Шанх транс” ХХК нь нүүрс тээврээс босгож, эндээс олсон хөрөнгөөрөө орон сууц, тансаг зэрэглэлийн хаус хороолол, чулууны үйлдвэр зэргийг барьж байгаа ажээ.

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “АЛТАНГОВЬ ТРАНС” ХХК

          “Алтанговь транс” ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж Өмнөговь аймгийн Ханбогд суманд Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлж байна. 2009 онд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигчээр нь Батжаргалын Дөлгөөн, Чойжил Буянжаргал, Жаргалсайханы Энхмандах бүртгэлтэй байдаг ажээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авч байсан байна. 
 

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “ГАЛБА ШАНХЫН ГОВЬ” ХХК

         Ч.Жаргалсайханы 44 компанийн нэг нь “Галба шанхын говь” ХХК. Тус компани нь 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд гадаад, дотоод худалдаа, агуулахын үйлчилгээ, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, барилгын чулуу бутлан ангилах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн хувьцаа эзэгшигч нь “Алтанговь групп” ХХК, Ч.Буянжаргал, Жаргалсайханы Энхманлай, Ч.Батжаргал нар бүртгэлтэй байдаг. Харин гүйцэтгэх захирлаар нь Жаргалсайханы хүү Энхманлай ажилладаг.
Тус компанийн баталгааг агуулах нь Өмнөговь аймаг, Оюу толгойн”-н уурхайгаас 3.8 км зайд оршдог гэнэ. “Оюу толгой” ХХК-ийг түшиглэж, хажууд нь том хэмжээний газар авч, үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн тус компани нь Өмнөговь аймагт барилгын чулуу олборлолт, бутлан ангилах чиглэлээр төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ажээ.

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “ГУРВАН САЙХАН КОНСТРАКШН ХХК

           Ч.Жаргалсайхан болон түүний ах, дүү нар “Гурван сайхан констракшн” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулж, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.  Нүүрс тээвэрлэлтээс олсон хөрөнгө тус компани руу хөрөнгө оруулж, орон сууцны хороолол барьдаг байж болзошгүй. Тодруулбал, “Гурван Сайхан Констракшн” ХХК нь 2019 онд Өмнөговь аймагт  "Дизи тауэр" 50 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Мөн өнгөрсөн оны зургадугаар сараас "Ди-Зи Апартмент"-ийг  68 айлын орон сууцыг барьж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох ажээ.
Тус компанийн гүйцэтгэх захирлаар Ч.Батжаргал ажилладаг бөгөөд хувьцаа эзэмшигч нь “Шанхтранс” ХХК. Түүнчлэн тус компани нь Өмнөговь аймгийн хэмжээнд томоохон хэмжээний хэд хэдэн газар эзэмшиж, орон сууцны хороолол барихаар төлөвлөж байгаа бололтой. Угтаа “Гурван сайхан констракшн” ХХК-ийг гадаад худалдааны чиглэлээр долоон жилийн өмнө байгуулж байжээ.

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “ТТ СТИВИДОР” ХХК

          Ч.Жаргалсайханы дараагийн эзэмшлийн компани бол “ТТ Стивидор” ХХК. Тус компанийг 2020 онд агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулжээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хангийн боомтонд 8.0 га газар авч, Гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлээд байна. Компанийн хувьцаа эзэмшигчээр “Алтанговь групп” ХХК, Батжаргалын Дөлгөөн, Долгорсүрэн, Жаргалсайханы Энхманлай, Чойжилын Буянжаргал нар бүртгэлтэй байх аж. Харин захирлаар нь Монгол Улсын хошой мэргэн Ч.Буянжаргал буюу Ч.Жаргалсайханы дүү ажиллаж байна.

Ч.ЖАРГАЛСАЙХАН: “ДЭВЖИХ ЦОГ ХӨГЖИЛ” ХХК

          “Дэвжих цог хөгжил” ХХК-ийн хувьцааг Батжаргалын Дөлгөөн, Долгорсүрэн, Жаргалсайханы Энхманлай, Чойжилын Буянжаргал, “Алтанговь групп” ХХК нар эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар нь Жаргалсайханы охин Энхгэрэл ажилладаг бөгөөд 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн төсөл хөгжүүлэгч компани юм. Төслийн хүрээнд 27 хувийн виллах хотхон, 20 өрөөтэй тансаг зэрэглэлийн буюу  халуун бассейн, SPA/wellness-тай зочид буудал барихаар төлөвлөжээ. Уг төслийн хөрөнгийг “Алтанговь групп” ХХК нийлүүлж байгаа аж.

Ч.ЖАРГАЛСАЙХАНЫ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ АСАН, “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ДАРГА Ц.ДАВААЦЭРЭНТЭЙ ХАМТАРЧ ЭЗЭМШДЭГ КОМПАНИУД

          Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан ах, дүү, үр хүүхэдтэйгээ хамтарч компани эзэмшихээс гадна “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Цэрэвсамбын Даваацэрэнтэй хамтарч хэд хэдэн компани эзэмшдэг. Тодруулбал, “Гурвансайхан интернэйшнл”, “Шанхресурс”, “Шанхэнержи” ХХК-ийг хамтран эзэмшдэг.
“Гурвансайхан интернэйшнл” ХХК-ийг 2008 онд  Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, гадаад худалдааны чиглэлээр Улаанбаатар, Хан-Уул, 15-р хороо, Гэгээнтэн оффис 1001 тоотод бүртгүүлж, зөвшөөрөл авч байжээ. Хувьцаа эзэмшигчид нь Цэрэвсамбын Даваацэрэн, Чойжилийн Жаргалсайхан, Батжаргал, Буянжаргал нар бүртгүүлж байжээ. Харин гүйцэтгэх захирлаар нь Жаргалсайханы охин Уянга ажилладаг.
“Шанхэнержи” ХХК-ийг Ч.Жаргалсайхан нь Ц.Даваацэрэн, Э.Наранмандах нартай хамтран эзэмшдэг. Тус компанийг 2011 онд Улаанбаатар, Сонгинохайрхан, 15-р хороо, 172 тоот дээр уул уурхайн чиглэлээр зөвлөгөө гөх гэсэн тусгай зөвшөөрлөөр үүсгэн байгуулж байжээ. Мөн дээрх гурван хүн “Шанхресурс” ХХК-ийг хамтран эзэмшдэг ажээ. Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгдөг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Ч.Жаргалсайхан ажилладаг.
Ц.Даваацэрэнгийн хүү Бат-Эрдэнэ Ч.Жаргалсайхантай хамтарч компани байгуулжээ. Өөрөөр хэлбэл, ааваас нь “холдож” хүүтэй нь харилцаа тогтоожээ. Б.Энх-Амгалан, Г.Баттулга, С.Бумаа, Ч. Жаргалсайхан нар тус компанийн хувьцаа эзэмшигчид бгөөд захирал нь Ч. Жаргалсайхан ажилладаг ажээ.

Ч.ЖАРГАЛСАЙХАНЫ ХАЛААСНЫ КОМПАНИУД

Ч.Жаргалмсайханы компаниуд үүгээр дуусахгүй. Тэр халаасандаа 40 гаруй компанитай. Тухайлбал, “Хийморьбүрд”, “Дорнын андууд майнинг”, “Говьмайнинг корпораци”, “Өмнөговь-Интерплайз”, “Их говийн андууд”, “Эйншинт гоулд”, “Алтанговь логистик”, “Алтанговь фэйшн” ХХК, “Ханбогд кемикалс” “Сорговийн анд”, “Дөлгөөн тэнгэр”, “Эс Жи Ойл”, “Говь генетик” ХХК, “Новел девелопмент юнион”, “Цагаан хад авто зам”, “Монголын авто тээврийн хөгжил”, “Лимитлэс интернэйшнл”, “Баян-Итгэлт”, “Алтанговь транс”, “Алтанговь секьюрити”, “Лхачодмаа”, “Си энд Эй просперити”, “Цагаан хад хөгжлийн ирээдүй сан”, “Алтанговь петролеум”, “Өмнөговь аймгийн тээврийн нэгдэл”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” “Өмнө говийн тээвэрчдийн хөгжлийн сан”, “Даяндевелопмент”, “Спэйс бридж”, Си Эф Эс”, “Госдиа”, “Шанх ложистик”, “Юнайтед бест шиппинг” ХХК-ийг хамаарал бүхий этгээд болон өөрөө эзэмшдэг.
       Намын бүлгийн даргын компаниуд Өмнөговь аймгийг “цөлмөж” байна. Нүүрс тээвэрлэлтээс мөнгө олж, орон сууцны хороолол, хаусанд мөнгөө угааж, бохир тоглоомд гараа дүрсэн улстөрчдийг бид цувралаар танилцуулах болно. Өмнөговь аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан ах, дүү нартайгаа нийлж, 40 гаруй компани байгуулж, үүнээсээ салбарлуулж, аймгаа дүүргэж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн "эзэн" нь Ч.Жаргалсайхан болсон уу.


https://ergelt.mn/news/22/single/32272 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn