"Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Вант улс" буюу "Тавантолгой" ХК-ийг тонож хөлжсөн бүлэглэл-II

424

Өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу          Өмнөговь аймгийг төр биш, нам ч биш харин нүүрсний бүлэглэл удирддаг. Улсдаа хамгийн баян аймгийнхаа удирдлагыг эл нүүрсний бүлэглэлд “алдаад” даруй 10 гаруй жил өнгөрчихлөө. Эхэндээ нүүрс гэх нэгдсэн ашиг сонирхолтой хэдхэн хүний бүлэглэл төдий байсан бол одоо хэнд ч дийлддэггүй, хэн ч хянах боломжгүй, хүчирхэг “вант улс” болж хувирлаа. Энэ “Вант улс”-ын эзэн хаан нь “Ажнай” хочит, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гэчихэд гүтгэсэн болохгүй. Ийн итгэлтэй хэлэхийн учир нь, Өмнөговь аймгийн Засаг даргаасаа эхлээд ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид хүртэл, цаашлаад “Тавантолгой” ХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захирал, дэд захирал, алба, хэлтсийн дарга нар нь хүртэл цөм “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ах дүү, хамаатан садан, анд найз, тэднийх нь ойрын хүмүүсээр дүүрчихсэн байна. 

"АЖНАЙ" Д.БАТ-ЭРДЭНИЙН "ХААНЧЛАЛ"-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД БУЮУ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, ОРЛОГЧ, ЗДТГ-ЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫН ХОЛБОО ХАМААРАЛ

 
        Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг нь Өмнөговь аймгийн иргэд ИТХ-аараа дамжуулж эзэмшдэг бол 49 хувийг нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй хувьцаа эзэмшигчид эзэмшдэг гэх бүртгэлтэй. Харамсалтай нь, энэ бол зөвхөн цаасан дээрх бүртгэл. Харин бодит байдал дээр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн 100 хувь хараат, хувийн компани нь шахуу болчихсон. Учир нь, Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “халаас”-ны хүмүүс учраас тэр. Засаг дарга нь хүртэл “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах байсан намтартай гэхээр илүү тайлбар хэрэггүй биз. 

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 
        Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2002 онд их сургуулиа төгсмөгцөө Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн маркетингийн албаны дарга болсон. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээр сонгогдоход буюу 2004-2008 онд бие төлөөлөгч, туслахаар нь ажилласан. 2008 оны УИХ-ын сонгуульд Д.Бат-Эрдэнэд унаж, 2012 оны сонгуулиар дахин сонгогдоход нь Р.Сэддорж мөн л туслах зөвлөхөөр нь ажилласан. Ингээд жилийн дараа буюу 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсон. Ингээд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. Чухамдаа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн Өмнөговь дахь баруун гар гэгддэг тун ойрын хүн. Өдгөө Р.Сэддорж нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүнтэй хамт “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. 
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Насанбуянгийн Энхбат 
      Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай. Түүний гол дэмжигч, санхүүжүүлэгч нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Мөн тэрбээр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн төрсөн хүү Б.Билгүүн, туслах асан одоогийн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нартай хамт “Говь төрх” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон түүний эхнэр Г.Ганчимэг нартай хамт “Оюун ухааны говь академи” ТББ-ыг эзэмшдэг. Тус ТББ-ын ТУЗ-ийн даргаар Г.Ганчимэг ажилладаг. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Чойжилын Жаргалсайхан 
        Түүний хувьд бүх насаараа “Ажнай” Д.Бат-Эрдэнэд хүчин зүтгэж яваа гэхэд хилсдэхгүй. Хүчин зүтгэснийхээ хариуг ч хангалттай хүртдэг гэх. Жишээ нь, түүний “Алтанговь групп” нь аймагтаа Аялал жуулчлал, Тээвэр ложистик, Барилга, Гадаад дотоод худалдаа, Оёдлын үйлдвэр, хими цэвэрлэгээ гээд бүхий л салбарт монополь шахуу болсон. Өмнөговь аймагт АН ялж, засаг барьж эхэлсэн 2008 оноос эхлэлтэй түүний бизнес өнөөдөр арав гаруй компанитай болж хөрөнгөжсөн гэхээр Д.Бат-Эрдэнэд хүчин зүтгэснийхээ хөлсийг хэрхэн хүртдэг нь тодорхой харагдана. Мөн түүний дүү Чойжилын Батжаргал нь “Шанх транс” ХХК-г нь удирддаг бөгөөд тус аймаг дахь нүүрсний тээврийн толгой компаниудын нэг.
 
Түүнчлэн Ч.Жаргалсайхан “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамт “Гурван сайхан интернэшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Мөн тэд Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийг хамт удирддаг. Дээрээс нь Ч.Жаргалсайхан нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ээж Д.Хуушааны эзэмшдэг “Мон Ит булигаар” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан гэхээр хэр ойр дотно гэдэг нь тодорхой харагдана. 
 
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Чойжилын Баяржаргал 
       Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайханы төрсөн дүү. Тиймдээ ч орон нутгийн сонгуулийн дараа түүнийг Улаанбаатар хотоос Өмнөговьд аваачиж, аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн орлогчоор томилсон гэдэг. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цогтын Дэнээдорж 
       “Ажнай” Д. Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан Ц.Дэнээдорж гэх залуу гэнэт л албан тушаал огцом дэвшиж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Өмнөговь дахь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн бүлэглэлийн залгамж халаа болон “бойжиж” буй залуучуудаас хамгийн ирээдүйтэй нь гэгддэг юм билээ. Одоогоор тэр ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын сацуу “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр Г.Ганчимэгтэй хамт “Төв ази поло клуб” ТББ-ын УЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. 
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Бавуугийн Түвшинбаяр 
         Тэр бол “Ажнай” Д.Бат-Эрдэнийн Өмнөговь аймаг дахь итгэлт хүн. Тиймдээ ч тэтгэвэрийн насанд хүрсэн ч Өмнөговь аймгийн ИТХ-д Ханхонгор сумаас хүчээр шахуу сонгогдож, улмаар “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар хоёр дахиа томилогдон ажиллаж буй. Тэрбээр өмнө нь мөргөцөг хулгайн хэрэг ид өрнөж байх үед буюу 2010-1016 онд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, тус уурхай дахь хамаг хор, хамаг хууль бус үйлдлийг мэддэг, “Ажнай” Д.Бат-Эрдэнийг арыг сайн даадаг нэгэн. Мөн тэрбээр Д.Бат-Эрдэнэ болон түүний ээж Д.Хуушаан нарын “Жуулчин говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. 
 
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амартөгс 
       Ц.Амартөгсийн хувьд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн арван жилийн найз. Тиймдээ ч Р.Сэддорж Засаг дарга болмогцоо Ц.Амартөгсийг Улаанбаатар хотоос Өмнөговьд аваачиж, орон байраар ханган ханган Тамгын газрын даргаараа томилсон гэдэг. Тэрбээр 2019-2021 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхны шатны шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Р.Сэддоржийг Засаг дарга болмогц Тамгын газрын даргаар нь очсон байдаг. 
 
Өмнөговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Баярхүүгийн Очгэрэл 
      Түүний хувьд Засаг дарга Р.Сэддоржийн ангийнхаа охин гэх бөгөөд мөн л Улаанбаатар хотоос аваачиж, байраар ханган ханган Өмнөговь аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэсийн даргаар тавьсан гэдэг. Чухамдаа нэг нэг ангийн найзууд учраас Өмнөговь аймгийн дансанд хаанаас хэдэн төгрөг орж ирэх, хэнд хаашаа, хэдэн төгрөг шилжүүлэхийг Б.Очгэрэл хариуцаж, нууцыг чандлан хадгалдаг гэх.  
 
Түүнчлэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Жаргалын Занабазар, төлөөлөгч Галсандоржийн Цог-Өрнөх, ЗДТГ-ын Орон нутгийн өмч, Худалдан авах ажиллагааны газарийн Бямбаагийн Гантулга нар Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ах дүүс гэх мэдээлэл байна.
 
https://ergelt.mn/news/22/single/20881
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn