Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автаагүй
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6км төмөр замын барилгын ажил чанар стандартын өндөр түвшинд, төлөвлөгөө графикийн дагуу явагдаж байна. Өнөөдрийн байдлаар (2020.08.17) газар шорооны ажил 98.29, нийт 594 хоолой 93.86% хувийн гүйцэтгэлтэйгээр 58.5 км төмөр зам тавигдаад байна. Төслийн хэмжээнд баригдах 27 гүүр 67.96 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гүүрийн ажлыг дуустал гүүр тойруулах түр далан бүхий төмөр зам барин, материал техник зөөх, дээд бүтэц тавих зэргээр барилгын ажлын хэвийн үйл ажиллагааг ханган ажилласан.
Хүчтэй үргэлжилсэн аадар борооны улмаас түр далан үерт автсан бөгөөд шуурхай ажиллан хэвийн болгосон. Төлөвлөгөөний дагуу бүх гүүрийн ажил 9 дүгээр сарын 30-нд бүрэн дуусна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын далан гүүр үeрт автлаа гэсэн ташаа мэдээлэл сошиалаар явж байна. Эдгээр зураг дээрх усанд автсан хэсэг бол төмөр замын гол трассын дагуух гүүр тойруулах зам буюу түр зам юм. Төмөр замын доод болон дээд бүтцийн барилга угсралтын ажил бүхэлдээ техникжсэн байдлаар явагддаг. Төмөр зам барих үндсэн технологи нь шинэ тавигдсан төмөр замаа ашиглан дараагийн шинэ төмөр замаа тавьдаг.
Тиймээс гүүр төлөвлөсөн хэсэгт “гүүр тойрох зам” буюу түр зам барьж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлдэг болно. Учир нь гүүрийн барилга угсралтын ажил гүйцэтгэхэд цаг хугацаа маш ихээр шаардагддаг болохоор хугацаа алдахгүйн тулд гүүр төлөвлөсөн хэсгүүдэд “гүүр тойрох зам”-ыг барьдаг. Байгалийн гамшиг, Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол ханган ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК