Говьд хангай ургаж байна

Өмнөговийн Цогтцэцийд хүний гараар говьд хангай ургуулж болдог гэдгийг нүдээр харж, гараар барьж болно. “Энержи ресурс” компани ойн зурвастаа 12 мянган ширхэг улиас, чацаргана, сухай, жигд, хайлаас зэрэг олон төрлийн мод тордон ургуулж байна. 2011 оноос анхны суулгацаа соёолуулж эхэлсэн ойн зурваст тарьсан 10 модны 8-9 буюу 85%-ийг нь амьдруулан цэцэглүүлж буй нь говийн бүсэд өндөрт тооцогдох үзүүлэлт юм.
Говьд тогоо ухаж, суулгацаа тариад орхивол мод ургахгүй. Усалгааны систем, ойн мэргэжилтнүүдийн үр хүүхэд шигээ бөөцийлөн тордох байнгын арчилгаа, мэдлэг, технологоор урган төлждөг.
Ойн зурвас шороо тоосжилт, элсний нүүдэл, Монголын говиос босож, далай гатлан, Япон, Солонгос, хойд Америкийн эрэгт ч хүрч очдог шар түйрэнгээс хамгаалах хамгийн найдвартай ногоон хэрэм болдог.
Энэ сард 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Энержи ресурс” компанийн байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөөх бодитой ажил, гарт баригдаж, нүдэнд харагддаг үр өгөөжийн нэг нь сэтгэл, зүтгэл, мэдлэг, хөрөнгө хүч шингээн ургуулж буй ойн зурвас юм. Нутгийнхан “Энержи ресурс”-ын шинэ ойн зурвасыг “Говийн хангай” гэж нэрлэн хэлэлцдэг.
Ерөнхийлөгчийн зарласан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт хувийн хэвшлийн оруулж буй бодит хувь нэмэр, говьд хангай бүтээж болдгийг харуулсан эрүүл жишиг болж байна.
Эднийх бусдаас 4-5 дахин бага ус ашигладаг, байгальд ээлтэй цахилгаан станц барьж, орон нутагт гэрэл, дулаан өгдөг. Баяжуулах үйлдвэр нь ашигласан усныхаа 97%-ийг ахин эргүүлэн ашигладаг. Хүрээлэн буй орчин, ялангуяа говийн эко системд ээлтэй технологи, хэм хэмжээ нэвтрүүлэн мөрдөж байгаа эсэх нь хөрөнгө оруулагчдын эн тэргүүнд тавьдаг өндөр босго, хатуу болзол болдог юм байна.