Нийслэлийнхний хүнсэнд хэрэглэж буй махнаас токсоплазмозын халдвар илэрчээ

Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2025” эрдэм шинжилгээний хурал долоон салбарыг хамран өргөн хүрээнд болж, судалгааны шилдэг бүтээлүүдээ шалгарууллаа. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтдийн хэд хэдэн судалгааны ажил энэ удаагийнхад шинэлэг, хүн амын эрүүл мэндэд хүнсээр дамжих зоонозын халдварт өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Тухайлбал, тус хүрээлэнгийн Молекул генетикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан М.Золжаргал, удирдагч багш, доктор П.Мягмарсүрэн нарын “Хүнсэнд хэрэглэж буй маханд toxoplasma gondii-г молекул биологийн аргаар илрүүлсэн нь” сэдэвт бүтээл шилдгээр шалгарав. Энэ нь энгийн полимеразын гинжин урвалын аргаар махнаас шимэгч хорхойн халдвар илрүүлж, нуклеотидын дарааллыг тогтоон, үр дүнг нь баталгаажуулснаараа онцлогтой.