Иран Хормузын хоолойгоор нэвтрэхийг оролдсон хөлгүүд рүү шууд довтолно гэж анхаарууллаа

8

Ираны Хувьсгалт гвардийн корпусын нэгэн командлагч Хормузын хоолойг хаасан бөгөөд түүгээр нэвтрэхийг оролдсон ямар ч усан онгоц руу довтолно хэмээн анхааруулсан тухай Ираны төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Хувьсгалт гвардийн ерөнхий командлагчийн ахлах зөвлөх Ибрахим Жабари даваа гарагт мэдэгдэхдээ "Хоолой хаагдсан. Хэрэв хэн нэгэн нэвтрэхийг оролдвол Хувьсгалт гвард болон энгийн тэнгисийн цэргийнхэн тэдгээр хөлгийг шатаана” гэжээ.
Тегеран Израил, АНУ-ын бямба гарагаас эхэлсэн агаарын довтолгооны хариуд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд чухал дэд бүтцүүдийг онилж эхэлсэн байна. Тус довтолгооны үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон бусад өндөр албан тушаалтнууд амь үрэгдээд буй.
Жабари Хувьсгалт гвардийн Телеграм сувгаар “Бид мөн газрын тос дамжуулах хоолойнуудыг довтлоно. Бүс нутгаас нэг ч дусал нефть гарахыг зөвшөөрөхгүй. Ойрын өдрүүдэд нефтийн үнэ 200 ам.долларт хүрнэ” хэмээн бичсэн байна.

Эрчим хүчний үнэ өсөв

Иран, Оман улсын хооронд орших Хормузын хоолой нь дэлхийн нефтийн хамгийн чухал тээврийн гарцуудын нэг бөгөөд дэлхийн нийт нефтийн нийлүүлэлтийн ойролцоогоор 20 хувь нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. Хэрэв тэнд саатал үүсвэл түүхий нефтийн үнэ огцом өсөж, бүс нутгийн мөргөлдөөн улам тэлэх вий гэсэн болгоомжлол нэмэгдэнэ.
Даваа гарагийн эхээр хоолойгоор дамжин өнгөрөх нефть тээвэрлэгч танкеруудын хөдөлгөөн доголдож, зарим үйлдвэрлэлийн байгууламжууд гэмтсэнтэй холбоотойгоор эрчим хүчний үнэ аль хэдийн огцом өссөн байна. АНУ, Израилын довтолгоо дэлхийн зах зээлд нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа нь зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлжээ. Хамгийн их цочрол байгалийн хийн зах зээлд ажиглагдсан байна. Катарын төрийн өмчит эрчим хүчний компани КатарЭнержи-ийн шингэрүүлсэн байгалийн хийн байгууламж халдлагад өртсөний дараа үйлдвэрлэлээ зогсоосноор Европт хийн үнэ бараг 50 хувь, Азид 40 орчим хувиар өсчээ.
Мөн Саудын Арабын Рас Танура дахь газрын тос боловсруулах үйлдвэр дроноор халдлагад өртсөн ч хамгаалалтын системүүд нь нисэх төхөөрөмжүүдийг устгасан тухай Саудын төрийн өмчит хэвлэлийн агентлаг мэдээлсэн байна. Тус үйлдвэр өдөрт хагас сая гаруй баррель түүхий нефть боловсруулах хүчин чадалтай.
Үүний хариуд АНУ дайны улмаас өсөж буй эрчим хүчний үнийг бууруулах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлжээ. “Маргаашаас эхлэн бид үнийг тогтворжуулах зорилготой үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Ийм нөхцөл байдал үүсэж болзошгүйг бид урьдчилан тооцоолж байсан” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn