Өмнөговь аймагт энэ сарын 13-наас хөл хорио тогтооно
Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 13-ны өглөөний 06.00 цагаас 25-ны өглөөний 06.00 цаг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. Коронавирусний халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой юм. Хязгаарлалт тогтоосон хугацаанд хүн бүр хариуцлагатай байж, халдварын тархалтыг хумих, хүүхэд гэр бүлээ хамгаалах хэрэгтэйг зөвлөж байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд 18.00-аас 05.00 цаг хүртэл иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Төрийн байгууллага болон үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдыг 30 хүртэл хувиар, 09.00-16.00 цагийн хооронд ажиллуулах, бусад ажилчдыг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо.
Цэцэрлэг болон сургууль, бүх төрлийн сургалтын үйл ажиллагааг цахимд шилжүүлэн ажиллахаар болов. Хүндэтгэх шалтгаанаар хот хооронд, сум хооронд зорчих хөдөлгөөнийг Smartgobi.com программаар зохицуулна. Улаанбаатар хотоос албан томилолтоор ирэх хүсэлтийг Улсын Онцгой комиссын шуурхай штабын зөвшөөрөл болон PCR шинжилгээ /72 цаг/, түргэвчилсэн шинжилгээ /48 цаг/-ийн сөрөг хариуг Smartgobi.com программд ирүүлснээр нэвтрэх боломжтой.