“Хашхайрцаг” доторх эрдэнэ

327
“Хашхайрцаг” доторх эрдэнэ




Ухаан билэг, эд эрдэнэсийн “хаш хайрцаг”-тай болоорой хэмээн бэлгэшээж аав ээж нь хүүдээ Хашхайрцаг гэх нэр хайрласан байх. 1980-аад онд төрсөн энэ залуутай уулзаж учран нэр усаа мэдэлцэх зуур бид хэд Хашхайрцаг гэх нэрийг их л сонирхож “Хашхайрцагт юу байгаа вэ?” хэмээн “Хашхайрцагийг уудлан” энэ тэрийг ярилцсаар төрсөн нутгийнх нь зүг давхиулж билээ.
Хашхайрцаг гэх нэрээс илүү сонирхолтой байсан нь ташуур барьсан малчин байснаасаа хот орж камер барьсан зураглаач болсон түүх хийгээд түүний зоригтой, холыг харсан, хичээнгүй, тасралтгүй суралцаж өөрийгөө хөгжүүлбэл амжилтад хүрч чадна гэдгийг харуулсан цуцашгүй оролдлого байлаа.
Бугат хотын Дархан Муумянган холбоот хошууны Цагаанхад сумын Наранбулаг багийн иргэн Хашхайрцаг Батхаалга сууринд “Ажнай” гэрэл зургийн студи ажиллуулдаг. Студи хурим найр, гэр бүл, хүүхдийн гэрэл зургаар голлон ажиллана. Хар багаасаа адуу малд дэмтэй, мал аж ахуйн амьдралдаа энгүй дуртай, ажилч хөдөлмөрч тэрээр арван жилийн сургуулиа дүүргээд хөдөө нутагтаа очин малчин болжээ. Хашир малчин, баян малчин болно гэж бардам бодож түүнийхээ төлөө цуцашгүй зүтгэж чармайж явсан түүнийг хувь төөрөг хот руу явахгүй байхын аргагүй болгожээ. Байгаль орчин муудаж бэлчээр ус тачирдаад байгаль орчныг сэргээх зорилгоор мал маллахыг хязгаарлаж малчдыг хот руу нүүлгэх болж, 2010 онд малаа зарж хот руу нүүжээ.
Ташуур атгаж, уурга тулсан малчин мөртөө дунд сургууль дүүргэсэн хүн хот ороод юу хийх билээ? Түм түчигнэж, бум бужигнасан хот сууринд Хасхайрцагийн хөл тогтох орон зай хаана байх вэ? Тэрээр хэдэн мөнгөний нөхөн олговорт түшиглэн зүгээр сууж бухимдлаа тоочин суусангүй.
Аравхан жил бичиг үзсэн тэрээр зөвхөн хар хүчээ гаргаж хөдөлмөр эрхлэх л хэрэгтэй байв. Эхлээд машины угаалгын газарт нэг жил ажиллаж, арга ухааныг нь олоод өөрөө машин угаалгын газар ажиллуулж эхлэв. Гэтэл бүх зүйл тийм амархан байх болов уу? Нэг жилийн дараа энэ ажил өөрт нь тохирохгүй орлого муу болохоор аргагүйн эрхэнд үүдээ хаав. Хашхайрцаг жолооны курст сууж жолооны үнэмлэхтэй болж таксины жолооч хийн нэг жил болсны дараа хүрээ хэмжээгээ тэлж Батхаалга, Бугат, Хөххотын хооронд такси гүйлгэв. Таксины жолооч олон хүнтэй уулзаж танилцах нь яриангүй. Нэг удаа түүний үйлчлүүлэгч нь түүнд Хөххотын “Ба-И” гудамжинд байрлах гэрэл зураг, дүрс бичлэгийн мэргэжлийн сургалтын газарт бараа хүргэж өгөхийг хүсэв. Энэ удаагийн бараа хүргэлт нь түүний хувь заяаг өөрчилж хүсэл мөрөөдлийг нь биелүүлжээ.
Найр хуримын дүрс бичлэг хийх ажлын шаардлага их байгааг мэдсэнээр Хөххотын “Ба-И” гудамжинд байрлах гэрэл зураг, дүрс бичлэгийн мэргэжлийн сургалтын газарт суралцав. Хурим найрын дүрс бичлэг хийж сурах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Багш нь түүнд зөвлөхдөө гэрэл зургийн мэргэжлийг эхлээд сурахад дүрс бичлэгийг аяндаа сурна гэжээ. Ингээд зөвлөгөөний дагуу суралцаж, гэрэл зураг, дүрс бичлэг, компьютерын талын мэдлэг мэргэжлийг эзэмшин зураглаач болж чадлаа.
2017 онд таксины жолооч хийхээ больж, Батхаалга сууринд монгол амьдрал, нүүдэлчний зан заншлын агуулга бүхий өвөрмөц онцлогтой гэрэл зургийн газраа ажиллуулав. “Хашир малчин баян малчин” болж чадсангүй тэрээр хөдөө нутгийнхаа монгол амьдрал, нүүдэлчний амьдрал зан заншлыг камерын дурандаа мөнхөлж чадах болсон нь түүнд хязгааргүй баяр жаргалыг авчирсан юм.
“Монгол нүүдлийн амьдрал холдохыг дагаад монгол гэр, морь, монгол амьдрал ахуйгаар ар үзэгдэл болгож гэрэл зураг татуулах хүмүүс улам бүр олон болж байгаа нь миний амьдралд тус болсон төдийгүй хүслийг минь биелүүлсэн” гэж ярилаа.
Одоо үйлчлүүлэгчид нь зөвхөн хошууны хэмжээнд биш, Бугат хот, Хөххотоос захиалга тасралтгүй ирдэг байна.
Захиалга олон байх тутам мэргэжлээ дээшлүүлэх, үйлчилгээгээ сайжруулахад илүү анхаардаг нь түүний давуу тал. Мөн амжилтад хүрсэн түлхүүр юм. Сүүлийн жилүүдэд тэрээр мэргэжлээ дээшлүүлэх зорилгоор гэр бүлээрээ гадагш аялах, гэрэл зургийн сургалтад хамрагдах болжээ.
Баруун Үзэмчин хошуунд ӨМӨТЗО-ы гэрэл зургийн сургалтад хамрагдаж, малчин айлын эрхэлсэн нүүдлийн мал аж ахуйн баазаар аялж явахад шинэ санаа төрж өөрийн зусландаа “Нүүдлийн мал аж ахуйн зан заншлын бааз”-ыг байгуулах, гэрэл зургийн ажилдаа шинэ агуулга оруулж бодитоор ажиллаж эхлэв. 2020 онд түүний “Нүүдлийн мал аж ахуйн зан заншлын бааз” нээгдэж,  нутгийнхаа хөх тэнгэр , хөвч ногоон тал, намуухан урсах Айвга гол, хачин сүрлэг улаан эргийн гуу жалга нь түүний дуранд мөнхлөгдөн үлдэх болжээ.
Хашхайрцагт баруун, зүүн гар нь болдог сайхан хань сайн туслагч бий. Хашхайрцагийн үгээр “Гэргий Сарнай нь ар талын хамгийн хүчтэй, хамгийн итгэлт түшиг нь юм”. Сайхан хань Сарнай нь Монгол Улсын багшаас нүүр будалтын тусгай мэргэжлийг суралцсан хүн. Тэрээр үйлчлүүлэгчийнхээ нүүр будалтын ажлыг гол төлөв хариуцдаг төдийгүй зураглахад хэрэгтэй багаж хэрэгсэл бэлтгэж ойртуулах гээд бүхий л явцад туслахаар ажилладаг.
- Бид бааз дээр очиход хос хоёр өөр өөрийн ажил үүргээ биелүүлж байгааг харахад тэдний санаа оноо нийлж, алдаа дутагдлаа харилцан нөхөж ажиллаж байгааг мэдэрсэн хэмээн үйлчлүүлэгч сэтгэгдлээ хуваалцлаа.
- Хаш ах манай голын залуусын үлгэр дуурайл болдог. Би ахаараа бахархдаг. Ухаантай, зоригтой,  алсын хараатай. Аливаа зүйлийн төлөө хичээвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж үгүйг энэ ах гэрчилсэн”  гэж Хашхайрцагийн унаган найз, саахалт айлын дүү, адуучин Наранбат бидний бараагаар хөтөлгөө морьтой ирж бидний ажилд өнгө нэмж яриа өрнүүллээ.
Аялж зугаалахдаа мэргэжлээ дахин боловсруулдаг төдийгүй байгаль дэлхийн сайхныг дурандаа үлдээх нь энэ хосын хамтын мөрөөдөл. Энэ хавар гэр бүлээрээ Төвөдийн өндөрлөгт машинаар нэг сарын хугацаатай аялжээ. Ажил багатай улиралд Шиньжянаар аялахаар төлөвлөж байгаа ажээ.
Зуслангийн нутаг нь энэ жил гандуухан байгаа ч Хашхайрцаг “Нүүдлийн мал аж ахуйн зан заншлын бааз”-аа өргөтгөх, Батхаалгаас ойрхон байрлуулах зэрэг олон төсөв төлөвлөгөө боловсруулж байгаагаа хуваалцлаа.
Нүүдэлчний дурсамжаа мөнхлөн үлдээхийн тулд зураглах, зураглахын тулд аялах нь “Хашхайрцаг доторх хамгийн үнэт эрдэнэ” байжээ.



Зохиогч:Нийтлэл: Ш.Цогзолмаа, Ц.Урантунгалаг, Т.Буянхишиг
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:смт
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn