ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн орон даяар амжилттай болж өндөрлөлөө
Монголын тамирчид FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2018 онд анх оролцсоноос хойш богино хугацаанд өндөр амжилт гаргаж 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг 2022 онд дэлхийн хэмжээнд есдүгээрт эрэмбэлэгдсэн билээ. Монголын тамирчид мөн 2020 онд түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь цаашдаа ч энэ спортоор амжилт гаргах ирээдүй байгааг харуулсан юм. Энэхүү амжилтыг үнэлэн Монгол Улс 2023 онд олон улсын болон дэлхийн хэмжээний 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулах эрх аваад буй.
ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд урлаг, спортыг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор өнгөрсөн онд 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд болон нийслэлийн 8 дүүрэгт 3х3 сагсан бөмбөгийн жишиг талбай байгуулсан билээ.
Тэгвэл энэ жил ХААН Банк Сангаас орон нутгийн сагсан бөмбөг сонирхогч, ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд ХААН Банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, тус бүр эрэгтэй эмэгтэй ангилалд аварга багуудаа шалгарууллаа.
Тэмцээний тэргүүн байр эзэлсэн баг 1,000,000 төгрөг, дэд байр 700,000 төгрөг, гутгаар байр 500,000 төгрөгийн шагнал хүртсэн юм.
ХААН Банкнаас компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү төсөл хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж олгон, их спортын ертөнцөд эх орноо төлөөлөх тамирчдын мөрөөдөл, тэмүүлэлд хүч нэмэх орон зай болно гэдэгт итгэж байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк