ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн салбарт 587 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүллээ
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд БОЭТ, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд орон нутгаас нийт 587 сая төгрөгийг зарцуулжээ. Тодруулбал, БОЭТ-ийн хүүхэд, нярай, чих хамар хоолойн тасгийг 150 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан бол АШУҮИС-д суралцаж байгаа 27 оюутанд 81.0 сая төгрөгийн сургалтын төлбөр, Анагаах ухааны чиглэлээр докторт суралцаж байгаа Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, магистраар суралцаж байгаа 5 эмчийн сургалтын төлбөрт нийт 20.0 сая төгрөг, нарийн мэргэжлийн 42 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг 15,0 сая төгрөгөөр 3 үе шаттай англи хэлний сургалтад хамруулсан бөгөөд орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд 129.0 сая төгрөгийн гэр, орон сууцны дэмжлэгийг олгон ажиллажээ.
Мөн орон нутгийн хэмжээнд нэн дутагдалтай байгаа сувилагч мэргэжилтнийг бэлтгэх зорилгоор “Глобал” их сургуулийн сувилахуйн ангийг орон нутагт нээж сувилагч мэргэжлийг эзэмшин ажиллах сонирхолтой 12 хүнийг сургасан бөгөөд эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд "Хамгийн чухал нь эрүүл мэнд" спортын наадам, сувилагчдын баяр, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахад нийт 25,0 сая төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлсэн байна. Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэнүүдийг орон нутагт тогтвортой ажиллуулах үүднээс эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр заалтын дагуу орон нутагт ажилласан урамшуулал болох 636.451.9 сая төгрөгийг 138 мэргэжилтэнд олгожээ.
Мөн улсын төсвөөс 860 сая төгрөгөөр эмнэлгийн бүрэн тоноглогдсон 5 автомашиныг шийдвэрлэж Ханбогд, Ноён, Гурвантэс, Цогтцэций, Даланзадгад суманд хүлээлгэн өглөө. "Говийн Оюу" хөгжлийг дэмжих сангийн 625 сая төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн ходоодны дуран, шүдний дэлгэмэл рентген, хөхний эхоны аппаратыг тус тус шийдвэрлэжээ. Ийнхүү 2022 оны байдлаар Өмнөговь аймгийн БОЭТ орон нутагтаа үзлэг, оношилгоог цаг алдалгүй хийх боломжтой тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байгаа юм.