Айсуй сонгуулийн чимээ: Баянхонгор

694
712-15813765652-11-1
Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход дөрвөн сарын хугацаа үлдээд байна.  Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа УИХ-ын сонгуулийн долоо, найм, есдүгээр тойрог болох  Баянхонгор аймгийг онцолж байна.  Ямар ч нам, сонгуулийн системийн үед Баянхонгор аймагт мандатын тоо өөрчлөгддөггүй,  гурван гишүүн сонгогдож, УИХ-д суудаг. Он цагийн дарааллыг харахад аймгийн сонгогчид ерөнхийдөө АН-д давамгай ялалт өгч байжээ.  Долоон удаагийн сонгууль болоход АН-д дөрөв, МАН-д гурван удаа итгэл үзүүлсэн.  Тиймээс тус аймгийг АН-ын буюу цэнхэр өнгийн тойрог гэж  ярьдаг. Мөн тус аймгаас Монгол Улсын хоёр Ерөнхийлөгч УИХ-д сонгож байв.  1996 оны сонгуулиар  есдүгээр тойрогт  Ц.Элбэгдорж Ардчилсан холбоо эвслээс нэр дэвшин сонгогдож байв.  Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга  2004 онд анх удаагаа УИХ-ын гишүүн болж байсан бол 2008, 2012 онуудад улиран сонгогдож байсан юм.  Мөн  УИХ-ын дарга Г.Занданшатар  тус аймгаас хамгийн олон буюу дөрвөн удаа гишүүнээр сонгогдсон байна.  Баянхонгор аймгийн УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.
1992 он: МАН1992 оны анхны ардчилсан УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Сонгуулийн долдугаар тойрогт  МАН/МАХН/-аас нэр дэвшсэн Б.Гомбо, 58.8 хувь буюу 22011 санал авч, анхны ардчилсан парламентын гишүүн болж байв. Мөн Баянхонгорын наймдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн  Д.Дашцэдэн,  есдүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Цэрэндагва УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна.
1996 он: АХ эвсэл
Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан. 76 тойрогт таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ. Баян-хонгор аймгийн сонгогчид энэ удаа Ардчилсан холбоо эвслийг багаар нь сонгож гаргажээ.
Тухайлбал, долдугаар  тойрогт  АХ эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн Ё.Гэрэлчулуун ялалт байгуулсан.  Наймдугаар тойрогт мөн АХ эвслээс  нэр дэвшиж өрсөлдсөн Д.Батнасан ялж, гишүүн болсон. Есдүгээр тойрог Ц.Элбэгдорж /Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч / нэр дэвшиж өрсөлдөж, гишүүн болсон түүхтэй. 1996 оны сонгуульд сонгогчдын 45.7 хувийн саналыг авсан Ардчилсан нам УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай болжээ.
2000 он: МАНУИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Баянхонгорчууд МАН-д итгэл үзүүлэв.  Баянхонгорын долдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Д.Түмэндэмбэрэл ялалт байгуулав.  Түүнтэй бусад намаас М.Хүрэлсүх, Ё.Гэрэлчулуун, Д.Чулуунбаатар нар өрсөлдсөн байдаг.  Харин наймдугаар тойрогт  МАН-аас Ц.Шийрэвдамба нэр дэвшиж ялалт байгуулав. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд анх удаа УИХ-д нэр дэвшиж байсан билээ.  Тэрээр  есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн С.Дулам ялагдсан байдаг. Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.
2004 он: АНСонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Баянхонгорын сонгогчид МАН, АН-нд ээлжлэн ялалт өгч байв. Баянхонгор аймгийн долдугаар тойрогт  Г.Занданшатар, наймдугаар тойрогт Эх орон ардчилсан эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Жаргал, есдүгээр тойрогт мөн Эх орон ардчилсан эвслээс нэр дэвшиж өрсөлдсөн.
Х.Баттулга ялалт байгуулсан байдаг.  Энэ удаад Баянхонгорын сонгогчид АН-д давамгай ялалт өгсөн юм.  Мөн УИХ-ын гишүүд цоо шинээр гарч ирэв.  Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар энэ онд анх удаагаа гишүүнээр сонгогдож байжээ.
2008 он: АНТухайн оны сонгуулиар аймгийн сонгогчид АН-д илүү итгэдэг гэдгээ харуулав.  МАН-аас Г.Занданшатар хоёр дахь  УИХ-ын гишүүнээр сонгогдсон.  Харин бусад хоёр тойрогт нь АН ялсан юм. УИХ-ын гишүүнээр Х.Баттулга хоёр дахь удаагаа,  Батж.Батбаяр анх удаа сонгогдсон юм.    Харин тэдэнтэй Д.Ганбат /АН/,  М.Хүрэлсүх /ИЗНН/, Ц.Жаргал /Эх орны нам/ нар өрсөлджээ.  Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.
2012 он: АНУИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлигатай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв.  Баянхонгор аймагт МАН-аас Г.Занданшатар өрсөлдөж, гурав дахь удаагаа УИХ-д сонгогдов.  Харин АН-аас Х.Баттулга гурав дахь удаагаа,  Д.Ганбат анх удаа УИХ-ын гишүүн болсон байдаг.  Тэдэнтэй М.Билэгт, О.Намсрай, Д.Ичинноров, Б.Баярсайхан нар өрсөлдсөн юм.
2016 он: МАНМАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  АН-д давамгай ялалт өгдөг Баянхонгорын тойргууд ч МАН-д  итгэл үзүүлсэн. Долдугаар тойрогт тойрогт АН-аас Д.Ганбат, МАН-аас Г.Занданшатар, МАХН-аас А.Одончимэг нар өрсөлдөж,   Г.Занданшатар 50.7 хувийн санал авч ялалт байгуулсан.  Харин наймдугаар той­рогт Олимпийн аварга Н.Түв­шин­баяр,  МАН-аас М.Билэгт нар өрсөлдөж,  М.Билэгт анх удаагаа УИХ-д сонгогдсон юм.  Есдүгээр тойрогт МАН-аас Л.Элдэв-Очир, АН-аас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга,  МАХН-аас А.Батдорж нар өр­сөл­дөж, Л.Элдэв-Очир олон­хийн санал авч байсан билээ.
2020 он:Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор яваг­дана. Сонгуулийн санал хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Ман­датын тоог орон нутагт нэмж, нийслэлээс хасч баталсан бөгөөд одоо намууд нэр дэвшигчдээ тодруулж байна.  МАН-аас одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар явах нь тодорхой. Тэрээр энэ жил сонгогдвол тав дахь удаагаа парламентад суух юм. Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын мөнхийн өрсөлдөгч гэгддэг  Л.Элдэв-Очир явах болов уу. Мөн эмэгтэйчүүдийн квотоор М.Билэгтийг ч дахин нэр дэвшүүлэх тухай яригдаж байна.  Харин АН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг Ерөнхийлөгч Х.Бат­тулга “шийднэ” хэмээн улс төрийн хүрээнд яриад эхэлжээ.  Консул асан Д.Мөнх-Эрдэнэ нэр дэв­шихээр тойргоо услаад эхэл­сэн.  Гэхдээ тэрээр АН-ын гишүүн байхаа боль­сон хэмээн нэгэн үе мэдэгдэж байв. Тиймээс АН дотор ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, “Номгон санчир” компанийн захирал А.Адъяасүрэн нарын нэр яригдаад эхэллээ.  Харин бие даагчдаас УИХ-ын гишүүн С.Жавхланг Баянхонгорт  өрсөлдөнө гэсэн мэдээлэл байгаа юм.
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn