Мөрийтэй тоглоомчид ДАВХАР МӨНГӨ УГААХ гэмт хэрэг үйлдэж байна

0

Цагдаагийн байгууллагаас 2023 эхний 8 сарын байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 66 гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, үүнээс 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлж, эцэслэн шийдвэрлэсэн байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Ажлын хэсэг байгуулж, тодорхой ажил, арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулснаар энэ оны эхний 08 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан 32 тоглоомын 437 хууль бус веб сайтыг холбогдох байгууллагад мэдээллийг хүргүүлж, хандах эрхийг хаалгасан байна.
Гэвч нөгөө талд амар хялбар аргаар богино хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэл шунал байсаар байгаа тул гэмт этгээдүүд үүнийг ашиглахыг зорьж байна. Цагдаагийн байгууллагаас 2021, 2022 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах нийт 179 хэргийг илрүүлжээ.
Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь, сүүлийн жилүүдэд цахим орчинд ихэвчлэн үйлдэгдэх болж, их хэмжээний мөнгө эргэлддэг, хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдын дансаар дамжуулан санхүүгийн эргэлтэд оруулж байгаа нь давхар мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Цахим мөрийтэй тоглоомын орчинд poker буюу мөрийтэй тоглоомын аппликешин, сайт нээж, зохион байгуулж байгаа гэмт этгээдүүд нь хэд хэдэн акаунтаар нэг тоглогчтой бооцоотой тоглоом зохион байгуулж, бусдыг төөрөгдүүлэн мөнгийн луйвардан авдаг ажээ.
Өөрөөр хэлбэл цахим тоглоомын өрөө гэж нэрлэн мөрийтэй тоглоом тоглож байгаа 8 иргэнийг нэг группт оруулдаг. Харин тоглож байгаа 8 иргэний 3-4 нь зохион байгуулагч этгээд өөрсдөө байх бөгөөд хуурамч акаунт 3-аас 4, зарим тохиолдолд түүнээс дээш хаяг нээж, гар утас, таблет гэх мэт төхөөрөмжөөр нэгэн зэрэг нэвтрэн тоглож байдаг. Энэ нь бусад иргэдэд олон тоглогч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн, олон хүнтэй тоглож байгаа мэт боловч энэ төрлийн мөрийтэй тоглоомонд донтсон этгээд нь мөнгө хожих ямар ч боломжгүй байдаг, мөнгө хийх тусам үргэлж хохирч байдаг байна.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байгаа гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа нэгэн төрлийн гэмт этгээдүүдийн үйлдийн арга, таныг өдөөх арга гэдгийг үүнийг сонирхогч, мөнгө хожих горьдлого тээгч та бүхэн анхаарах хэрэгтэй. Мөрийтэй тоглоомд донтсон этгээдүүд нь эд хөрөнгө, хадгаламж, бэлэн мөнгөө алдах, орон байраа барьцаалах, цаашилбал өр зээлд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох хүртэл тооцож баршгүй хор уршиг дагуулж байгааг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.
Иймд иргэдэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэх, үүнийг сонирхогч гэр бүл, найз нөхдөдөө үнэн бодит байдлыг тайлбарлан ойлгуулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn