Украин: Оросын суртал нэвтрүүлгийн улаан шугам

1 027
Украинд 733 хоног үхэх сэхэхээ үзэн тулалдаж, Оросын цэргийн тусгай ажиллагаа хоёр дахь жилээ үдэж гурав дахь жил рүүгээ орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс америкийн Voice of Americanews.com сайтын эх сурвалжаас түүвэрлэн орчуулснаа төгсгөе. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Киевийг гурван өдөрт эзэлнэ гэсэн дайн гурав дахь жил рүүгээ орж, Оросын зэвсэгт хүчин 400 мянган дайчдаа үхдэл болгон хар ууттай үдэж, стратегийн ганц ч ялалтгүйгээр бүтэлгүй давшсаар няцаагдсаар өнөөдрийг хүргэв. Оросын зэвсэгт хүчний буудсан, харвасан, устгасан, нураасан, сөнөөсөн, алсан, шархдуулсан, өнчрүүлсэн болгон цэргийн гэмт хэрэгт тооцогдоно. Хоёр жилийн дотор Украинд үйлдсэн оросын цэргийн гэмт хэрэг 113 мянга хэмээн бүртгэгджээ. ОХУ-ын Төрийн Думын депутат генерал Андрей Гурулевын хэлснээр оперативын ганц ялалт зовон байж махан овоо босгон байгуулсан нь балгас болсон Авдеевк хот аж. 

сонин mn
Эх орныхоо эсрэг яваа орос иргэдийн талаар эрс арга хэмжээ ав, ГУЛАГ-уудаа сэргээн байгуулж тийш нь хүн амынхаа 20%-ийг илгээ хэмээн энэхүү Гурулев нь уриалдаг нэгэн тул Авдеевк унасныг оперативын амжилт гэж дэвэргэн нэрлэх нь хэвийн зүйл мөн. Оросууд ийм ялалтын мэдээ сонсоогүй бүтэн жил тойрч байна. Украины Донецк мужийн Авдеевк хот руу оросын цэрэг орсныг том ялалт мэтээр оросын суртал нэвтрүүлэг дэвэргэж эхэлснээ намжаад явчихлаа. Ямар үнээр хэрхэн ялсан нь цэргийн шинжээчдэд нэн ойлгомжтой тул тэгж сурталдаж инээдэм болохоос болгоомжилсон байх. Хохирлын мэдээнээс үзвэл Орост маш их үнэ өртгөөр (хүмүүний алтан амь!) тусчээ.

Одоо фронтын бүх шугамын дагуу оросын талын хохирол “укрнацист”-уудаасаа 5-10 дахин давж байна. Ганцхан 7 хоногт “Су-34”, Су-35” маркийн 7 онгоцоо устгуулж, сөнөөлгөсөн нисэх онгоц, нисдэг тэрэг нь нийлээд 700 руу дөхөж байна. Оросын агаарын ба сансрын цэргийн хүчний бахархал болсон, асар өндөр үнэ өртөгтэй А-50 онгоц Орост 6 үлдсэн ба хоёр дахь тийм онгоцоо дөнгөж уржигдар сөнөөлгөв.

Авдеевкийн төлөө тулалдааны дүгнэлт: Орчин үеийн ямар ч дайнд аль ч улсын арми бүтэн дөрвөн сар хагасын турш ийм их хохирол амсан байж долоо наймхан км-ийг эзэлж авдаггүй юм! 27 кв км нутгийг бүрэн авч чадаагүй байна! Бүрэн эрхт Орос орон оршин байх цорын ганц форм нь байнгын дайн хэмээн оросын суртал нэвтрүүлэгчид эрээ цээргүй ярьдаг боллоо. Үнэн алдарт шашны номлогчид нь ч орос оросоороо үлдэе гэвэл зөвхөн алж устга хэмээн номлоно–“Оросын дайсан гэж үзсэн бүгдийг алаад бай!”. Үхлийг мандлуулах номлол болж хувирлаа. Орос орныхоо төлөө амиа зольж л байвал яаж ч үхэх нь хамаагүй. 

сонин mn
Нөгөө сэтгүүлч В.Соловьев ярьжээ. Юу гэхлээр чиний амь хичнээн их үнэтэй ч гэсэн чи үхэж болно гэдгийнхээ төлөө амьдар, үхлээ гэхэд чи диваажинд очно гэжээ. Путин, Медведев нар ч иймэрхүү үг хэлдэг болсон. Үхэж л байдаг, хүүхнүүд хүүхэд төрүүлж л байдаг, энэ бол ердийн үзэгдэл. Ямар нэгэн гэрэлт ирээдүйн төлөө маш их эрсдэл хохиролд бэлэн байхыг зөвлөлтийн үзэл суртал шаарддаг байсан. Түүнтэй нэгэн адил оршин үлдэхийнхээ төлөө цорын ганц утга учир нь үхэл ажээ. Энэ нь яван явсаар радикал исламын сүсэг бишрэлтэй (Аллахын төлөө үхэх нь гавьяат үйлс) маш адил агуулгатай. Эсвэл сая сая үхлийн тухай Мао Зэдуны номлол ч дотор нь явж байх шиг.

Дэлхийн II дайны үеийн, оросын тодорхойлолтоор аугаа их эх орны дайны үеийн үзэл суртал огтоос өөрчлөгдөөгүй өнөө хүрчээ. Оросуудын нүдэн дээр украинчуудыг хүмүүнлэгийн бусаар харуулах хэрэгтэй, тэдэнтэй хийж буй энэ дайн бол фашист, нацист махчин хүмүүстэй хийж буй дайн мөн гэж ойлгуулах нь чухал.

Яагаад ингэх ёстой вэ гэвэл Кремльд зүтгэдэг социологчид нь яриад байна, оросын нийгэм энэ дайныг идэвхгүйгээр хүлээн авах болбол энэ дайндаа оросын нийгмийг татан оролцуулж чадахгүй болно, тэгэхлээр эрх баригчид нийгмээ нэгтгэн дайчлах хэрэг гарна. Тэгэхийг ч зорьж байна. Иймд социологчид энэ дайны гэмт чанарыг нь зөв үйлс болгон хүмүүсийн сэтгэлийн гүнд суулгаж өгөх ёстой. Тааламжгүй үнэнээс зугтаж, мэдээллээс тасарч, дотоодын эмиграцаас зайлсхийх ёстой. Хэнтэй байлдаж байна вэ гэдгийг оросын суртал нэвтрүүлэг тасралтгүй ярьж ухуулсаар байгаа нь эргэлзэж буй бүх хүндээ хүрэх гэсэн арга юм. Владимир Путин засгийн эрхэнд гарснаас эхлээд оросын мэдээллийн орон зайг цэвэрлэх ажил хийгджээ. Уйгагүй, тасралтгүй хийгдсээр өнөө хүрчээ. 2014 оноос тэр цэвэрлэгээ шинэ шатандаа гарчээ. Ялж эхэлжээ. Оросын телевизүүд Украины эсрэг милитаризмын хэнээрхэл дэгдээж, цэргийн тусгай ажиллагааныхаа мэдээллийн бэлтгэлийг бүрэн хангажээ. Оросын хууль тогтоомжоор дайн гэж нэрлэхгүй, тусгай ажиллагаа гэнэ. Суртал нэвтрүүлгийн улаан шугам нь бүр 2014 онд хашлага даваад оргилдоо хүрчихсэн. Тэр нь Крымыг аннекс хийсэн явдал байжээ. Суртал нэвтрүүлгийн “улаан шугам” хэд хэдэн үе шаттай. Крымын аннекс, дараа нь “Донецкийн” ба “Луганскийн” ардын бүгд найрамдах улсууд байгуулахыг бүх талаар дэмжсэн, Украинаас салгаж эзлэж авсан хэсэгхэн нутгаа хоёр БНУ болгоод хэнээр ч зөвшөөрүүлэлгүй өнөө хүрсэн.

Цэргийн тусгай ажиллагааных нь үеэр Хойд Солонгос Украинаас дипломат харилцаагаа таслан “Донецкийн” ба “Луганскийн” хоёр БНУ-ыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон боловч тэр хоёрыг нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэчихсэн. Тэр хүртэл завсарт нь юу эс өрнөлөө дөө.

2021 онд Төрийн Думын сонгууль явагдахад эрх баригч намаас Сергей Шойгу нэрсийн жагсаалтад нэгээр бичигдэж, Сергей Лавровыг түүний араас нэрийг нь дэвшүүлж байв. Тэгснээ 2021 оны зун В.Путин өөрөө томхон өгүүлэл бичиж, “Украин гэж улс хэзээ ч оршиж байгаагүй, Лениний байгуулж өгсөн зохиомол улс” гэж оношлосон ба тэр үндэслэлээ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний алдарт үгэндээ тусгажээ. Эндээс үзвэл Оросын суртал нэвтрүүлгийн улаан шугам тасралтгүй 10 жил ажиллажээ. Дайныг эсэргүүцэж мэдэх, хэл ам таталж мэдэх урлаг соёл, шинжлэх ухааны хамаг алдартнуудаа энэ 10 жилд аажмаар шахаж арын эгнээ рүү оруулсан, эсвэл гадаадад хөөж гаргасан, жишээ нь Лия Ахеджакова, Андрей Макаревич, Максим Галкин гээд алдартай хэдэн зуун хүний нэрс “иностранный агент” (гадаадын туршуул тагнуулч) гэсэн хаягтай эрэн сурвалжлагад оржээ. Харин Кремлийг өөрийг нь Хятадын тагнуулч, гар хөл гэсэн далд үзэл бодол Орост хүчээ авах тийшээ эргэж байна. 

сонин mn
Оросын телевиз хэрхэн өөрчлөгдсөнийг 10 жилээр зураглаж болно. Хараат бус олон нийтийн мэдээллийн хэрэгслийг устгаж дууслаа. НТВ телевизийг Кремль рүү эргүүлж чадсан, бие даасан интернэт-сайт, сэтгүүлүүд, мөн “Коммерсантъ”, “Ведомости” хэвлэлийн эздийг сольж, бүтээлч хамт олныг нь задлаж, маш олон сэтгүүлч хэвлэн нийтлэлчид гадаадад дүрвэн гарч, амаа үдүүлсэн сэтгүүлчдийг айдсаар барин суртал нэвтрүүлгээ хийлгэж байна. 

Ийнхүү Оросын иргэд 10 жил суртал нэвтрүүлэгт бөмбөгдүүллээ. Хөндлөнгийн элдэв сэдэв сонирхох зав өгөхгүй болголоо. Улс төр ба мэдээллийн альтернатив Орост байхгүй боллоо. Аль ч авторитар улсад тийм л байдаг. Эрх баригчдын монополчилсон телевизүүд л мэдээллийн гол эх сурвалж болно. Оросын иргэдийн 70% нь зөвхөн тэндээс мэдээллээ авна. Сул дорой, завхарсан Европын ба барууны нийгмийн дэргэд Путины эх оронч диктатур нь дээр юм байна гэсэн суртлыг орос иргэдийн тархи руу цутгаж өгнө (Тийм сурталд автагсад Монголд ч олон байна–хөрвүүлэгч). Одоо Орост жирийн иргэд интернэтээс мэдээлэл хайх боломжгүй болсон. Эрх баригчид, хүчний байгууллагууд хяналтандаа авсан. Интернэтийн их орон зайг ид цэвэрлэж байна. Иргэд ядуурах, туйлдах тусам иргэдийг эв нэгдэлтэй байлгадаг, оюун санааг нь нэгтгэдэг тэр хүчин зүйлээ санан мөрөөдөх нь үгүй болдог нь Оросоор нотлогдлоо.  

Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn