Малчид: Сүүлийн 40 жилд ийм зуд болоогүй

1 415

Хаврын сар дундаа орсон ч Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувь нь зудтай байна. Өвөлжилт хүндэрсний улмаас малын хорогдлоор хохирол амсан хавартай золгож буй аймгуудын нэг нь Сүхбаатар.
Иймд Улаанбаатар дахь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Талын шонхор” цэнгүүнийг оны босгон дээр хийхээр товлосон байсан ч цаг агаарын аюулт үзэгдэл, малчин түмний нөхцөл байдлыг харгалзан үзэж, уг ёслолын арга хэмжээг цуцлан шинэ жилд зарцуулах мөнгөө малчдадаа зориулах шийдвэр гаргаснаа оны өмнөөс зарлан нутгийн иргэддээ хандан, нэгдэхийг уриалж байв.
Ийнхүү хоёр сар орчим үргэлжилсэн хандивын аяны хүрээнд Сүхбаатар аймаг, ялангуяа Баруун-Урт сумын уугуул, суугуул иргэд, үе үеийн төгсөгчид 10 мянгаас 500 мянга хүртэл төгрөг хандивласнаар 100 тн хивэг худалдан авч, Сүхбаатар аймагт хүргэж, 60 тонныг аймгийн Онцгой комисст, 40 тонныг Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөв. Аймгийн онцгой комисст хүлээлгэж өгсөн 60 тонн хивгийг бусад суманд хуваарилж өгөх бөгөөд тусламжийн барааг хүргэж ирсэн зохион байгуулагчид Баруун-Урт сумаас зүүн хойш Дорнод аймаг руу чиглэсэн зам дагуу өвөлжиж буй зургаан хот айлын 30 гаруй малчин өрх тус бүрд 8-10 шуудай хивэг, найман боодол өвс, нэг шуудай нүүрс хүргэж өгсөн юм. Тусламжийн барааг малчны хотонд хүргэх багийнхан сүүлийн хоёр сар гаруй хугацаанд хүн, машины мөр гараагүй газруудыг сонгож, гурван өдөр, гурван шөнийн хугацаанд талдаа 120 км зам туулан цас хагалан, зам гаргаснаар зарим малчин өрх үлдсэн цөөхөн хэдэн малаа аваад аймгийн төв бараадсан байна. Баруун-Урт сумын Нутгийн зөвлөлийн тэргүүн, “Их Модун” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн “Цагийн хатууд ядарч туйлдсан малчин өрхүүд маань үлдсэн хэдэн малаа мэнд авч үлдэхэд нь бага ч болов нэмэр болохоор эхлүүлсэн энэхүү аяны хүрээнд төвлөрсөн хандиваар бид бүхэн 100 тн хивэг худалдан авч Сүхбаатар аймагтаа хүргэж ирлээ. Тусламжийн бараанууд ихэвчлэн аймаг, сумдын төвд хүргэгдэж байгаа тул сумаас алс өвөлжиж байгаа өрхүүд тэр бүр тусламжид хамрагдаж чадахгүй байна. Тиймээс бид хэдий аймгийн төвдөө ойр ч гэлээ зам хаагдсаны улмаас хүндхэн байдалд ороод байгаа айлуудыг сонгож, замыг нь нээж өгөхийг зорьсон. Тухайлбал, Гүн булаг, Тариа бригад, Хайчийн ар, Шийрийн цагаан нуур, Шийрийн гозгор гэсэн маршрутаар явлаа. Гүнбулаг гэж манай нутгийн хамгийн их гуу жалгатай газар зам гаргахад хамгийн хүнд байлаа. Нүүдэл хийх гээд аймгийн Онцгойд дуудлага өгсөн айл руу ч зам гаргаж өглөө. Бид гурван өдөр, гурван шөнө ажиллахад цас хагалж байсан ковшийн маань шатахуун дууссан тул арга буюу анх очихоор төлөвлөсөн айлуудын заримд нь хүрч чадалгүй буцсан. Тонн гаруй литр түлш нөөцөлж аймгаас гарсан ч зузаан цас хагалж байгаа ковш маш их түлш зарцуулж байсан. Хэдийгээр хавар ирсэн ч гэсэн санаа амрах болоогүй байна. Цаг уяраад, цас ханзраад эхлэхээр шар үсны үер гэж аюултай юм байна. Цасан дунд байгаа айлууд гэрээ сугалж нүүлгэхээс өөр аргагүй байгаа. Бид энэ удаа малын тэжээлээр туслалцаа үзүүллээ. Дараагийн удаад малгүй болсон айлууд эргээд малжихад нь дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэлээ. Тус аяныг хамтран зохион байгуулсан Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлчдийн “Талын түрлэг” ТББ-ын тэргүүн Э.Ирэхбаяр “Миний хувьд итгэл хүлээлгэж, сэтгэл гарган хандивт нэгдсэн хандивлагчдадаа тусламжийг хэнд хэрхэн хүргэж байгаагаа мэдээлэхийн сацуу малчдын нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь нэмэр хачиргүйгээр харуулахыг зорьж ажилласан. Малчид маань анх төсөөлснөөс ч хүнд байдалд байсан.
Цагаан сарын дараа УОК-оос улсын хэмжээнд 680 мянга орчим мал хорогдоод байна гэсэн мэдээлэл гаргаж байсан. Урьд шөнө орон нутгаас ирэх замдаа хоёр сая гаруй мал хорогдоод байгаа талаар мэдээ харлаа. Гэвч бодит байдал дээр бидний очсон, уулзсан өрхүүдийн малын хорогдол 70-95 хувьтай байсан. Тэгэхээр УОК-оос малын хорогдлын тоо мэдээллийг нэг бол дарж байна, эсвэл мэдээллээ нэгтгэж чадахгүй байна гэж дүгнэхэд хүрч байгаа юм. Бид 30 гаруй малчин өрхийн төлөөлөлтэй уулзахад дийлэнх нь хамаг малаа барсан байдалтай, гэсэн хэдий ч үлдсэн цөөхөн малтайгаа яаж ийгээд хаврыг мэнд давчихвал өсгөж үржүүлээд болно доо гээд хэлж байх жишээтэй, их сэтгэлийн хаттай хүмүүс гэдэг нь анзаарагдаж байсан. Айл бүр дунджаар 300-600 боодол өвс, тонн орчим хивэг тэжээл бэлтгэсэн ч энэ өвөл хаана ч хүрэлгүй дууссан. Ер нь 20, 30, 40 жил мал маллахдаа ийм хатуу өвлийг үзсэнгүй хэмээн ярьцгааж байлаа.  Ганц хоёр айл оны өмнө дийлэнх малаа борлуулсан тулдаа хорогдол багатай хаврыг угтаж байгаа юм билээ.
Өнгөрсөн өвөл болон хаврын эхэн сарын энэ өдрүүдэд цасан шуурга ихтэй байгаа болохоор хөдөөх айлуудын гэр, хашаа хороо, пүнз саравч бүгд цасанд дарагдсан, дөнгөж гэрийн унь, яндан, эсвэл пүнзний дээвэр нь цухуйсан байдалтай байна. Өдөр нь үүдний цасаа цэвэрлээд, шөнө унтаад өглөө босоход л цасанд дарагдчихсан, заримдаа гэрийнхээ тооно, пингийнхээ цонхоор гадагш гарч байж, үүдээ чөлөөлдөг гэж байв. Бидний гаргасан зам гэхэд л буцаад явахад зарим хэсгээрээ эргээд битүүрсэн байсан. Гэхдээ зам гаргамагц хэд хэдэн айл үлдсэн малаа ачаад аймаг руу нүүж амжсанд нь олзуурхаж байлаа. Ихэнх айл 12 дугаар сараас хойш аймгийн төв орж чадаагүй, малынх нь өвс тэжээл, өөрсдийнх нь хоол хүнсний нөөц ч барагдсан байдалтай байсан. Цагаан сараас хойш манайд хөл тавьсан анхны зочид та нар боллоо хэмээн баярлан угтаж айл ч таарсан.
Малчдын өмнө тулгамдаж байгаа нэг асуудал нь зээл. Малчны зээлийн эргэн төлөлт дээр Засгийн газар арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, зээлийн хүүг зогсоох эсвэл хөнгөлөх асуудлаар тохиролцоонд хүрэх шаардлагатай байна” гэв. 
Багийн гишүүн, Баруун-Уртын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Э.Энхбаатар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг. Энэ аянд оролцсон бүх хүнд баярлалаа. Та бүхнийхээ тусламжийг аль болох хэрэгтэй хүмүүст нь хүргэх гэж бид хичээж ажиллалаа. 100 тн хивэгний өртөг 80 сая төгрөг. Дээр нь тусламжийн барааг хотоос аймаг, аймгаас хөдөө рүү хүргэхэд тээврийн зардал дангаараа 10 гаруй сая төгрөг болчихож байгаа юм. Энэ их зардлыг маш олон хүний дэмтэйгээр босгож, дээр нь “Их Модун” компани их хэмжээний мөнгөн хандив болон техник хэрэгсэл, хүн хүчээ гарган байж хүргэлээ.” гэв.
Багийн бүрэлдэхүүнд замчлах үүрэгтэй ажилласан Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Т.Ихбаяр “Баруун-Уртын нутгийн зөвлөл маань малчдадаа туслах санаачилгыг хамгийн түрүүнд гаргаж, тусламжийн бараагаа хамгийн хэцүү бүс нутагт өвөлжиж буй малчин өрхүүдийн хотонд нь хүргэж өгч байгаад бид талархаж байна. Сумын Онцгой комисс нутгийн олныхоо сэтгэл шингэсэн тусламжийн барааг аль болох олон хүнд хүртээмжтэй байдлаар хуваарилж өгөхийг хичээж байна” хэмээлээ.
Багийн бүрэлдэхүүнд ажилласан Баруун-Урт сумын VI багийн Их эмч Б.Лхагва-Очир малчдын биеийн байдлыг хянаж, шаардлагатай эм тариаг хийж, В,С вирусын шинжилгээ аван газар дээр нь хариуг өгч ажилласан юм. Тэрээр “Малчид эрт илрүүлгийн талаар мэдээлэлтэй байгаа ч өөрсдөдөө цаг зав гаргаад хамрагдахдаа муу байна” гэдгийг онцоллоо.
“Хахир өвлийг хамтын хүчээр” хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд урин цаг ирэхээр малчид эргээд малжихад нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх болно. Тиймээс 5007814209 /ХААН банк, Э.Ирэхбаяр/ тоот дансанд бага ч болов хандив хийж, нэгдэж болно шүү гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn