₮10 тэрбумын өртөгтэй эхэлсэн RFID технологийг бүрэн ашиглаагүй байна

199

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID чипийг 2023 оноос эхлэн автомашинуудад суурилуулсан байдаг.
RFID системээр дамжуулан замын хөдөлгөөний танхайрлыг зогсоож, зохиомол түгжрэлийг 20% бууруулах боломжтойг тухайн үеийн Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар онцолж байлаа.
Мөн "Систем хөгжүүлэлтийг Зам, Тээврийн Хөгжлийн Яаманд Албан журмын даатгагчдын холбооноос 10 тэрбум төгрөг гаргаж, энэ ажлын хүрээнд хийж байгаа" Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг ярьж байсан.Тэгвэл автомашины цахим гэрчилгээг суурилуулснаар өнгөрсөн хугацаанд ямар үр дүн ажиглагдсан, энэхүү ажил хэрхэн үргэлжилж буйг Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Тээврийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасангаас тодрууллаа.


-Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ хэрэглээнд нэвтрээд хоёр жил орчим хугацаа өнгөрлөө. RFID систем үр дүнгээ хэр өгч байна вэ? 
-RFID техникийн цахим гэрчилгээг автомашинуудад наах ажлыг 2023 оны долдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байв. Улмаар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тээврийн хэрэгслүүдэд нааж эхэлсэн.
Одоогийн байдлаар RFID цахим гэрчилгээг наах ажил 50 орчим хувьтай үргэлжилж байна. 
Техникийн хяналтын үзлэг оношилгоонд орсон тээврийн хэрэгслүүдэд нааж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 161 уулзвар дээр 155 RFID уншигч суурилуулсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Замын хөдөлгөөн удирдлагын төв рүү хяналт удирдлагыг шилжүүлж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл процессын үйл ажиллагаа үргэлжилж буй.
Улаанбаатар хотын хэмжээнд 13 цэгт RFID унших туршилтын төхөөрөмжийг суурилуулж, ажиллагаанд оруулсан. Одоо туршилтын ажил үргэлжилж байна. 
Үүнтэй холбогдуулаад мэдээллийн удирдлагын системийг хийх ажлын даалгаврыг боловсруулаад явж байгаа.
-RFID цахим гэрчилгээг жолооч нар машиндаа нааснаар "Түгжрэлийг бууруулна, даатгал, татварын мэдээллийг нэг дороос хянах боломжтой" гэдгийг албаныхан мэдээлж байсан. Туршилтын шатандаа хэрэгжилт ямар түвшинд явна вэ? 
-RFID цахим гэрчилгээг нааснаар түгжрэлд нөлөөлнө гэдэг бол өрөөсгөл ойлголт.
Энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн Big data буюу мэдээлэл цуглуулах арга хэрэгслийн нэг хэлбэр юм. Үүний зэрэгцээ камерын хяналтын систем, RFID tag болон бусад мэдээллийн технологийг ашиглаж буй. Ингэж хамтарснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим хаана хамгийн идэвхтэй байна, зорчилт хөдөлгөөн ямар цэгүүдэд төвлөрч байна зэрэг томоохон дата мэдээллийг цуглуулах боломжтой. 
Түүнээс биш RFID tag суурилуулсны дараа шууд хөдөлгөөний эрчим, түгжрэлийг бууруулна гэсэн ойлголт биш.
-Жолоочид ямар зориулалтаар ашиглаж байгаа вэ? 
-RFID tag нь бүрэн ашиглалтад орвол автомашины татвар, даатгал, торгууль гэх мэтчилэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх мэдээллийг холбогдох алба хариуцсан хяналтын байгууллагуудад хүргэнэ.
Татвар, даатгал, торгуулиа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа машины мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд цахимаар хүргэх тоног төхөөрөмж. 
Дата мэдээлэл цуглуулах хэрэгсэл болохоос биш түгжрэл бууруулж, түгжрэлд нөлөөлөхгүй. 
Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ хамрагдаж байна. Мөн 
  • 30 хувь нь торгууль
  • 60 хувь нь татвар, даатгалаа төлж байна гэсэн статистик мэдээлэл бий. 
Өөрөөр хэлбэл татвар, торгуулиа 100 хувь төлж, техникийн хяналтын үзлэгтээ 100 хувь ордог системийг бүрдүүлэх нэг арга хэрэгсэл бол RFID юм. Дээр дурдсан бүхэнд хяналт тавихад ашиглах жижиг төхөөрөмж.  
-Хөдөлгөөний эрчим хаана идэвхтэй байгаа талаар дата мэдээлэл цуглуулах талаар та дээр дурдлаа. Туршилтын хугацаанд эрчим хөдөлгөөн ямар цэгүүдэд их байгаа мэдээлэл гарсан уу?
- Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү холбогдож, тодорхой мэдээллийг авах боломжтой.
Одоо ажиллуулсан 13 цэгээр давтамжтай өнгөрч буй тээврийн хэрэгслийн мэдээллийг авахад нийт 75,000 орчим машин татвар, даатгал, торгуулиа төлөхгүйгээр энэ цэгүүдээр өнгөрчээ. Үүнээс 17,000 орчим тээврийн хэрэгсэл нь өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог гэх тоон мэдээлэл эхний ээлжид гарсан.
-Зөрчилтэй машинуудыг хориглох хариу арга хэмжээг цахим гэрчилгээгээр авах уу?
-Хэрвээ торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцох нь хориотой. Албан журмын даатгалаа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хуулиар хориглоно. 
Техникийн хяналтын үзлэг оношилгоондоо ороогүй бол мөн ялгаагүй. Хуулийн зохицуулалтад тавих хяналтыг л сайжруулах технологи.
RFID системийн хяналтын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нэмж тодрууллаа. 


-13 байршилд камер суурилуулаад RFID цахим гэрчилгээгээр хөдөлгөөний эрчмийг хянах зохицуулалт ямар шатанд явж байна вэ?
-Одоогоор 400 мянга гаруй машинд RFID tag суулгасан байна. Системийн хувьд хийгдэж байгаа. Гэхдээ хүлээлгэж өгөөгүй байна. Бид ашиглахгүй байгаа гэсэн үг.
Зам тээврийн яам болон “Бодь” компанид мэдээлэл программ нь байгаа байх. Манайх бүрэн гүйцэд болсных нь дараа авахаар болсон. Ийм учир бидэнд RFID дээр тулгуурлаж гаргасан мэдээлэл байхгүй.
Одоогоор RFID дээр тулгуурлаагүй буюу камерын ажиглалтаар хуучнаараа хянаж байна. Аль зам ямар үед ачаалалтай байгаа мэдээллээ энгийн камерын ажиглалтаараа өгч чадна.

https://ikon.mn/n/380a
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn