Ж.Энхжаргалан: Наадам болохоос өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлэх санал тавьж байна

“Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Өнгөрсөн жилийн наадамд урьд өмнөх жилүүдээс олон бөх хальтарсан. 28 бөх хальтарч, дөрвөн бөх бэртэл, гэмтэл авсан. Ийм алдаа дахин гаргахгүй байх хэрэгтэй. Гүйцэтгэгч нартаа хяналт сайн тавих хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Төрийн мөнгө уйлахгүй гэж хандаж, судалгаа, шинжилгээгүй хандсан. Алдаа гаргасан хүмүүстээ хариуцлага тооцоорой гэж хэлье” гэлээ.
Харин “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Өнгөрсөн жил буруу жийргэвч хийсний улмаас бөхчүүд их гэмтсэн. Хиймэл зүлэгний доор нэлээн зузаан бетон буй. Бетоныг арилгаад зүлэг тарья гэхэд тавдугаар сарын дундаас эхлээд урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Хамгийн сүүлийн арга хэмжээ зургаадугаар сарын 14-нд дуусна. Үүний дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид та бүхний санал, хүсэлтийг нэгтгээд наадмын комисс, нийслэлийн удирдлагуудад танилцуулна. Хиймэл зүлгийг Европ болон ОХУ-аас нийлүүлдэг. Ямар хиймэл зүлгээр солих шийдвэрээ хурдан гаргаж, та бүхэнтэй ярилцаж бөхчүүдтэйгээ туршилт хийе. Энэ жил баяр наадам болохоос өмнө зүлгэн дээр бөхчүүдтэйгээ хамт тест хийе гэсэн бодолтой байна. Мөн хиймэл бороо оруулж туршиж үзье гэсэн санал тавьж байна” хэмээсэн юм.