Өмнөговьд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт өчигдөр /2025.05.15/ 19.00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Өнгөрсөн долоо хоногт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумын төвөөс баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвөөс зүүн хойд зүгт 76 км зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар албаныхан мэдээлсэн.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч хохирол бүртгэгдээгүй гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Монгол орны нутаг дэвсгэрт он гарсаар нэгдүгээр сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд 3.5-5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12 удаа бүртгэгджээ. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гаас дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.Тухайлбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө. Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ. Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.