Коммунист угжтай КАПИТАЛИСТУУД
Коммунист үзэлтэй капиталист нөхдийг дээшээ гаргахын горыг бид мөн ч их амссан даа. Ардчилсан үзэл санаа, эрх чөлөө, АН, МАН гээд талцаад байгаа болохоос бус цагаа тулахаар бүгдээрээ капиталистууд, дүр эсгэсэн ашиг хонжоо хайгчид гэдгийг олон удаа, олон дүрээр батлан харууллаа. Тиймдээ ч эрдэмтэн судлаачид “Зэрлэгдүү капиталистууд”, “Дүр эсгэсэн ардчилал” хэмээн сэжиглэнгүй нэрлээд байгаа хэрэг шүү дээ.
Тэр ад шоо болсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Э.Бат-Үүл нар нь үнэхээр коммунист, капиталистууд байсан байж болно. Улс төрөөс бүр биш юмаа гэхэд парламентаас явчихсан. Гэтэл яагаад угжнаасаа салаагүй шинэ цагийн капиталистуудыг улс төрийн тавцанд олноор нь гаргаж ирээд байна вэ.
Нэгэн жишээ татъя. Чингэлтэй дүүргээс Т.Аюурсайханыг хоёр ч удаа сонгоод УИХ-д оруулаад ирэв. Шударга дүр эсгээд яваад байхаар сонгогчид ч итгэдэг бололтой. Ядахад л популизмаараа алдартай нөхдүүдтэй нийлэн “Шударга ёс” лоозонгийн цаана чухам юу өрнүүлж байгааг анзаарах сөхөө байсангүй. Баянзүрхчүүд Ж.Батзанданг таниад гэрт нь суулгаж байхад чингэлтэйчүүд түүнийг таньсангүй. Ерөөсөө ардчилсан, шударга ёс гэх арьс нөмөрсөн капиталист тэжээлтэй нөхдүүд нэн шинэ үеийн улс төрд тоглолт хийх шинжтэй болоод явчихлаа. Энэ бол юу юунаас том аюул. Тэд бол огт шинэ давлагаа биш, шинэчлэгчид ч биш, шинэ үе ч биш. Ерөөсөө капиталист ах нарынхаа үзэл санаа, үйл хэргийг үргэлжлүүлэгчид гэдгийг мэдэх цаг нь болсон. Өөрсдийгөө л улс төрийн шинэ залуу халаа гэж нэрлээд байгаа хэрэг. Тэднийг төлөөлүүлж УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар жишээ татсан болохоос зориуд онцлох гэсэнгүй. Шалтгаан нь түүнд шинэ цагийн улстөрчийн увайгүй зан бусад угжтнуудаасаа илт давуу байгаа нь анхаарал ч татав, сонирхол ч татав.
Энэ залууг Ерөнхийлөгч Н.Багабандийн туслахаар улс төрд хөл тавьж байх үеэс биш Тусгаар тогтнолын ордонг МАХН-ын “Цагаан байр” байх үеэс гадарлах болсон юм. Бодоход МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт ажиллаж эхлэхээс юм болов уу даа. Энэ цагаас Т.Аюурсайхан коммунист ах нарынхаа хар, хорын сүүг хөхөж, капиталист үзэл санааг ой тойндоо хамгийн сайн шингээсэн хүн гэдгийг өдгөө харж сууна. Ингэхдээ нам хэмээх байгууллага дотор хэрхэн яаж амьдрахаа мэдэрч өндийсөн он жилүүд байсан байх. Энэ “сүү”-гээр бойжсон олон нөхөд байгаагаас ихэнх нь УИХ-д суудал эзэлжээ. Тодотговол төрийн толгойд гараад ирчихсэн байна.
Ийнхүү Ерөнхийлөгчийн туслахаар улс төрд хөл тавьж байсан залуу “Шинэчлэл” нэрээр ах намаас юу дуртайгаа л авах хэмжээнд ирсэн хэмээн тухайн цагт хэвлэлээр жиг жуг л гэж байв. Хүмүүс ч өвөр зуураа хэлэлцэж л байв. “Намын шинэчлэл” хэмээн уриа лоозон болж зогссоноо гэнэт алга болдог байсныг бол санах юм. Түүнээс хойш МАН шинэчлэгдээгүйг бодоход өөр тохироо байсан болов уу. Энэ намыг хэн нэгэн шинэчлэхгүй. Татан буулгаж, шинээр байгуулж, дахин үзэл санаагаа боловсруулсан тохиолдолд сая шинэчлэлээ гэж харж болох. АН-ыг ч ялгаагүй. Татан буулгаж, ядахад хөрөнгөнтний үзэл санаа давамгайлсан зарчмаас нь зайлуулж, үнэт зүйл дээр тулгуурлан босгох учиртай.
Ингэхдээ Т.Аюурсайхан намын хяналтын хороо гэдгээс салж үл чадав. Энэ бол ашигтай байрлал учраас ил далд зууралдсаар байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандат авсан хэрэг болов уу. Тэр яах аргагүй, хот хэмээх фракцид харъяалагдах учиртай. Өөрөөр хэлбэл өөрийнх нь “тэмцэл”-ийн гэх үр дүнгээр улс төрөөс түр чөлөө аваад байгаа М.Энхболдод алсуураа харъяалагдах хүн байв. Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандатыг түүний гараас авсан. 2012-2016 онд ялагдал хүлээсэн МАН дотор, дотоод ажилд үй зайгүй ахан дүүс шиг явсан хоёр. Гэтэл өөдөөс нь харж сууж байгаад “Би шударга ёс тогтоомоор байна. Та ажлаа өг” хэмээн хэлж чаддаг шинэ цагийн “зоригтой” улстөрч юм. Тэр М.Энхболдыг МАН-ын даргаас буулгахад оролцов, УИХ-ын даргаас буулгахад оролцов. Уг нь М.Энхболд бол Т.Аюурсайханы дэргэд “Хор уугаад түр муужран унасан баатар хүн” /Тунгалаг тамир, Ч.Лодойдамба/ гэдэг шиг л юм. Нэг өдөр индэр дээр зандраад зогсож байхыг хэн ч үгүйсгэхгүй дүр.
Тэрээр энэ л коммунист суурьтай капиталист зоригоороо явсаар 2020 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, улмаар УИХ-ын Дэд даргын суудалд заларчээ. УИХ-ын дарга Г.Занданшатарыг эзгүйчлэн Б.Пүрэвдорж гишүүний чуулганы хуралдаанд суух, үг хэлэх эрхийг долоо хоногоор хасаж байгаа энэ тэр нь өнөөх л коммунист угжтай капиталист нөхрийн мөн чанарыг утгаар нь харуулсан хэрэг. Б.Пүрэвдорж гишүүн “Дэгийн тухай хууль” зөрчсөн эсэхийг мэдэх юм алга. Ямартай ч ардчилсан улсын парламентад ард түмнээс сонгогдсон хэн ч үгээ хэлэх эрхтэйг нь мэдэх юм. Хотын фракц буюу М.Энхболдоос салгаж ойлгох аргагүй нөхөр бол Т.Аюурсайхан байх учиртай. Улс төрийн хувьд түүнийг өсгөж бойжуулсан газар нь Чингэлтэй дүүрэг. Дүүргийн Засаг даргын тамгын газар, ИТХ. Тодорхой дурдвал түүнийг алсуураа далдхан дэмжсэн хүн нь М.Энхболд, наанаа ил дэмжсэн хүн нь Д.Ганболд нар яах аргагүй мөн.
Т.Аюурсайханы хувьд 2008 онд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр орж ирж ирсэн цагаас хойш энэ дүүрэгтэй холбогдоно. Энэ үед М.Энхболд МАН дотор ч Монгол Улсад ч "Хотын" хэмээх хүчтэй фракцийн тэргүүлэгчдийн нэг байв. Улмаар Т.Аюурсайхан 2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан гээд яах аргагүй хүйн биш юмаа гэхэд улс төрийн салшгүй холбоо бий. Ийн засаглахаар тэмцэж байхад нь хэн хэн хэрхэн тус хүргэж байсан тухай “Коммунист угжтай капиталист бацаан” одоо санахыг ч хүсэхгүй биз ээ.
Гэтэл Т.Аюурсайхан нэгэн цагт нөмөр нөөлөгт нь явсан М.Энхболдыг улс төрөөс явуулахад манлайлан оролцож, дараа нь Д.Ганболдыг Чингэлтэй дүүргээс зайлуулж, өөрөө тодорлоо. Уг нь түүнийг дүүргийн хэмжээнд ч атугай тодрох гэж үйлээ үзэж явахад нь Д.Ганболд гэдэг хүний нөмөр нөөлөг бишгүй л байсан гэдэг. Гэтэл Т.Аюурсайхан авгай хүүхнүүдтэй нийлж байгаад ахыгаа замаасаа зайлуулж чадав. Ёстой л “Ишиг эврээ ургахаар эхийг мөргөв” гэдэг болсон байх. Д.Ганболд бол энэ дүүрэгт 1992 оноос хойш ажилласан, унаган “Хотын фракц”-ын хүн. Тиймдээ ч 1992 оноос хойш тус дүүргийн нам нэг ч ялагдал хүлээж байгаагүй юм. Энд би зөвхөн Т.Аюурсайханаар жишээ татаад байгаа болохоос биш МАН, АН-д ийм угжны нөхөд олон байна.
Өглөөний сонин