Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр/2020.09.04/ Өмнөговь аймагт ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Өмнөговь аймагт хийгдэж буй барилгын ажил хэрхэн өрнөж буй, Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн явц байдал, нүүрс тээврийн замын дагуу баригдаж буй Тээвэрчдийн хотхоны барилгын гүйцэтгэлийг шалгаж, Эрдэнэс Тавантолгой компанийн ажилтан албан хаагчидтай уулзлаа. Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлыг сонсож, заримыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр авсан арга хэмжээний дүнд 2019 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулж чадсан тул энэ онд үр дүнг 30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг халж, Тавантолгойн ордын нүүрсээр сайжруулсан түлш үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлсэн нь шууд үр дүнг харууллаа. Иймд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цаашид аймаг орон нутгийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг арилгахад Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс Тавантолгой, Энержи ресурс компаниуд ихээхэн үүрэг гүйцэтгэн ажиллана. Агаарын бохирдлыг бууруулж хүн амын эрүүл, мэнд аюулгүй байдлыг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр үнэлж байна. Цаашид ажлаа эрчимжүүлж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллараарай гэлээ.
Дараа нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн замд баригдаж буй “Тээвэрчдийн хотхон”-ны барилгын гүйцэтгэлийг шалгав. Хотхон байгуулах төслийн хэрэгжүүлэгчээр “Шанх майнинг” ХХК ажиллаж байна. Тус цогцолбор нь нэг ээлжиндээ 500 жолооч хүлээн авч дулаан тохилог амрах байр, халуун ус, гоо сайхан, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг нийгмийн хэрэгцээний бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх аж. Цогцолбор ашиглалтад орсноор нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал шийдэгдэхийн зэрэгцээ шинээр 1200 хүн ажлын байраар хангагдана.
Тээвэрчдийн хотхоны барилга угсралтыг хоёр үе шаттай явуулж буй бөгөөд эхний шатны гүйцэтгэл 80 хувь, хоёрдахь шатных 30 хувьтай үргэлжилж байна. Төслийг хэрэгжүүлж дуусгах санхүүжилтын асуудлаар гүйцэтгэгчдээс мэдээлэл сонсож, сангийн сайдыг анхаарч ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Нүүрс тээврийн жолооч нар Монгол Улсын улсын төсвийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд тэдний ажиллах орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгов. Ерөнхий сайд цааш ярихдаа, өнөөдрийг хүртэл нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудал орхигдож ирсэн. Анх 2018 онд нүүрс тээврийнхэнтэй уулзсанаар тээвэрчдэд үйлчилгээ үзүүлэх, зам дагуух орчин нөхцлийг сайжруулах талаар шийдвэрүүдийг гаргаж эхэлснээс хойш зарим нь биелэлээ олж байгаад баяртай байна гээд цаашид тээвэрчдийн амрах цогцолбор, түр зогсоолуудыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.