Цагаан хад боомтын “НАБТ-н ХАШАА”-г татан буулгая
Өмнөговь аймгийн Таван толгой уурхайгаас Цагаан хад боомтын хяналтын бүс хүртэлх тээвэрлэлтийг уртын урт тээвэр гэдэг. Энэ тээвэрлэлт 210 орчим км байдаг бөгөөд харин Цагаан хад хяналтын бүсээс хил хүртэлх замыг богинын тээвэр гэдэг аж. Харин цагаан хад боомтоос БНХАУ-ын Ганц мод боомт хүртэл 20 гаруйхан км. Тээврийн жолооч нар Цагаан хад боомтод байх НАБТ-ын хашаанд ачиж явсан нүүрсээ буулгаад тэр хашаанаас богинын тээвэрт явж буй тээвэрчид өнөөх нүүрсээ сэлгэн ачиж цааш Гашуун Сухайт руу тээвэрлэдэг гэнэ.
Чухам энд нүүрсээ буулгаж өөр нэг машинд сэлгэж ачиж буй ХАШААГ ямар учир утгатайг хэн ч мэдэхгүй аж. Нүүрс тээврийн жолооч нар хэлэхдээ “Цагаан хад орчимд ганц хэрэггүй зүйл нь энэ НАБТ-ын хашаа гээч нь. Аль нэг даргынх нь бас нэг бизнес биз” хэмээж байсан.
Тэгэхээр НАБТ-ын хашаа нь нэг ёсондоо хоёр хил хоорондын дунд хатгасан МӨНГӨ УГААХ хэрэгслийн үүр болсон бөгөөд тэнд нүүрс буулгах компаниуд тус хашаанд хоногоор мөнгө төлөх ба цааш нүүрс тээвэрлэх жолооч нар оочероо хүлээн дугаарлаж байж ачна. Ингээд харахаар нүүрс тээвэрлэлт эрчимтэй явагдаж мэт байгаа боловч тээвэрлэлт бүрээс татаас авч байгаа байдал нь ямар нэгэн ашиг хайсан олигархуудын мөнгөний бизнесийн маш том хэрэгсэл болж энэ явдал хэрээс хэтэрлээ.
Иймд нүүрс тээвэрлэлтийн дундаас “ЦАВЧАА” хийсэн энэ НАБТ-ын хашааг татан буулгахад Монголын эдийн засаг алдагдалд орохгүй, тэр бүү хэл нүүрс тээвэрлэлтийн горим алдагдахгүй нь илэрхий. Иймээс нүүрс буулгаж, буцааж ачдаг НАБТ-ын хашааг татан буулгаж олон хоногын турш дугаарладаг нүүрс тээврийн жолооч нараа уртын урт тээвэрлэлтэд явуулбал эдийн засгийн эргэлтэд ч хэрэгтэй болов уу?
Тиймээс Цагаан хад боомтын НАБТ-ын хашааг татан буулгахыг нүүрс тээврийн жолооч нар холбогдох албаныхнаас шаардаж байна.
FACT.MN