Гэрийн ажиглалтад 1030 иргэн байна
Өмнөговь аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1030 иргэн байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас хяналт тавин, давтан тандалт хийж байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбажав "545 хүнд судалгаа тандалтыг эргэж хийлээ. Эдгээр хүмүүс дотор Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой тохиолдол илэрээгүй. Гэхдээ иргэд сонор сэрэмжтэй байж аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна. Учир нь Өмнөговь аймагт хэдийгээр халдвар гараагүй ч гэлээ уул уурхайн ээлж сольсон гэх мэтээр хүмүүсийн хөдөлгөөн ихэссэн. Иргэд маань амны хаалт, гарын бээлийг байнга хэрэглэж хэвшил болгох шаардлагатай байна" гэлээ. Энэ сарын 7-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн, хүн эргэсэн, тухайн эмнэлэгт ажилладаг хүнтэй нэг дор хамт байсан иргэд аймгийн Онцгой комиссын 7053-3336, 7053-3337 дугаарт хандахыг зөвлөж байна.