ӨМНӨГОВЬ: Техник спортыг хөгжүүлж, ирээдүйн инженерийг бэлтгэнэ

2 599
Өмнөговь аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуусын техникийн спортыг дэмжих, техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн инженер говиос” техник спортын үзэсгэлэнг гаргалаа.
Тус үзэсгэлэнг 2023 оны аравдугаар сарын 7-8-ны өдөр Даланзадгад сумын Ёл кино театрт зохион байгуулж байгаа бөгөөд техник спортын 4 төрлөөр ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 гаруй багш, сурагчдын бүтээлийн загваруудыг дэлгэжээ.
 
Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Монголын нисэх загварын "Маса" нийгэмлэгийн төлөөлөгчид урилгаар оролцлоо.
Мөн “Ирээдүйн инженер говиос” техник спортын үзэсгэлэнгийн үеэр Өмнөговь аймгийн улсын тэргүүний лаборатори нэгдүгээр сургуулийн дизайн технологийн багш Т.Насанбат техник загварын спортод сэтгэл зүрхээ зориулсан дурсамжаа сийрүүлсэн  "Мөрөөдлөөр жигүүрлэсэн он жилүүд" номын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
 
Тэрбээр номдоо техник загварын спортын тулгын чулууг тавилцсан алтан үеийнхэн, улсын хэмжээнд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх хүртэл нь мөр зэрэгцэн хөгжүүлж явсан мөнгөн үеийнхэн, өнөөгийн хүүхэд залуусыг энэ спортод татан оруулж, ирээдүйн инженерүүдийг бэлтгэхээр зорьж яваа шинэ үеийнхэн гээд гурван цагийн хэлхээг багтаажээ.
 
Даланзадгад сумын улсын тэргүүний лаборатори Нэгдүгээр сургуулийн дизайн технологийн багш Т.Насанбат:
 
-Өмнөговь аймгийн техник спортын загварын үүсэл хөгжилд өөрийнхөө оруулсан хувь нэмэр, туулсан амьдрал, бусдынхаа түүх дурсамжийг хойч үедээ үлдээхээр “Мөрөөдлөөр жигүүрлэсэн он жилүүд” түүхчилсэн номоо бүтээж багш нарын баяр болон техник спортын үзэсгэлэнгийн үеэр тохиолдуулан нээлтээ хийлээ. Маш их баяртай байна.
Энэ номд Өмнөговь аймгийн үе үеийн загварчид, тэдний бүтээлийн гэрэл зургууд, дурсамжууд багтсан. Улс орны хөгжлийг бид инженергүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс хүүхэд, залуус энэ чиглэлээр маш сайхан суралцаж боловсорч улсын хөгжилдөө хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог.
 
 
Даланзадгад сумын ЕБС-ийн тавдугаар сургуулийн сурагч Н.Буянхүү:
 
-Би усан загвараар хичээллээд хоёр жил болж байна. Болдсайхан багшийн гарын шавь. 2023 онд техник технологийн олимпиадын хоёрын даваанд PG-117 загвараар оролцож Өмнөговь аймагтаа түрүүлж, улсын уралдаанд оролцохоор явсан. Эхлээд ажлын зургаа зурдаг. Ажлын зураг дээрх масштабаараа завиа хийдэг.
Дээрх байгууламжаа удирдамжийн дагуу яг л бодит юм шиг хийхийг зорьдог. Нэг загвараа хийхэд 3-4 сарыг зарцуулдаг. Хамгийн гоё нь бүтээлээ хийж дуусаад туршиж үзээд амжилттай байхад л сайхан байдаг. Сургуулиа төгсөөд энэ мэргэжлээрээ суралцаад багшийнхаа дараа дараагийн шавь нарт мэдлэгээ хуваалцахыг хүсдэг.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn