Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн наймдугаар сарын 05-ны 128 дугаар зарлигаар Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-гоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчид оролцсон юм.
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар нь 2017 онд Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш өмнөд бүсийн хэмжээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.
Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын нийт 2100 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5162 иргэний амь нас, төр, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 900 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.