3.7 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт гурван удаа бүртгэгджээ

Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс баруун урд зүгт, 75 км зайд уржигдар 10.39 цагт газар 4.0 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлийн улмаас хохирол учраагүйг тус аймгийн онцгой байдлын байгууллагынхан мэдээлэв. Үүнээс гурав хоногийн өмнө буюу энэ сарын 12-ны 16.00 цагт Увс аймгийн Түргэн сумд газар 4.4 магнитудын хүчтэй хөдөлсөн юм. Мөн учирсан хохирол байхгүйг албаныхан хэлсэн. Тэгвэл үүнээс долоо хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Бугатад газар 3.7 магнитудын хүчтэй хөдөлсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ сар гарснаас хойш эхний 14 хоногт гурван аймагт газар ийнхүү 3.7 магнитудаас дээш хүчтэй хөдөлжээ. Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээллээс үзэхэд Хөвсгөлийн Ханх сумд газар 3.8-4.3 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол ойрхон хоёр удаа буюу аравдугаар сарын 24, 31-нд бүртгэгдсэн байна. 2021 онд Ханхад газар 6.5 магнитудын хүчтэй хөдөлсөн нь Монголд сүүлийн 30 жилд болсон хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог. Үүнээс хойш газар хөдлөлийн тоо огцом өссөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг юм. Ташрамд, газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлбөл хүнд мэдрэгдэх хэмжээний гэж үздэг аж.