Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт эхэллээ

0


Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд өмнөх сонгуулиудаас онцлогтой.
Тодруулбал, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.
Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй.
УБЕГ-аас мэдээлснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2,040,556 сонгогч саналаа өгнө. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байгаа аж.
Улсын хэмжээнд нийт 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн саналын хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9,535 цагдаагийн албан хаагчид сонгогдон, үүрэг гүйцэтгэж байна.
Өөрийн санал өгөх байрын мэдээллийг election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа оруулан мэдэж авах боломжтой.
СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn