"Дельта" хувилбар хөгжиж буй орнуудад эрчтэй тархаж байна

391



Өнгөрсөн долоо хоногт коронавирусний халдварын 3 сая орчим тохиолдол бүртгэгдсэн нь 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна нас баралтын тоо 3 хувиар нэмэгдсэнээр 9 долоо хоног үргэлжилсэн халдварын тохиолдлын тоо буурах хандлага өөрчлөгдлөө гэж ДЭМБ мэдээлэв. ДЭМБ-ын долоо хоног тутмын лхагва гарагт нийтлэгдсэн тайланд дурдсанаар, халдварын шинэ тохиолдлууд Бразил, Энэтхэг, Индонез, Их Британид хамгийн их бүртгэгджээ. Илүү хурдан тархдаг “Дельта” хувилбар Энэтхэгт анх бүртгэгдсэнээс хойш дэлхийн 111 улс орон, бүс нутагт илрээд буй бөгөөд ойрын саруудад дэлхий дахинд давамгайлж болзошгүй байна.


“Коронавирусний илүү хурдан халдварлах чадвартай хувилбарууд бий болж болзошгүй байна. Үүнээс гадна нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг буруу хэрэгжүүлэх, сулруулах, хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр олон оронд халдварын илүү олон тохиолдол илэрч, эмнэлэгт хүргэгдэх хүний тоо нэмэгдэнэ” хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд мөн дурдав. Олон улс оронд үлдсэн хязгаарлалтаа цуцлах шаардлага тулгараад буйг ДЭМБ хүлээн зөвшөөрсөн хэдий ч хүн цугларах, аялах үеэр халдвар авах эрсдэлийн буруу төлөвлөлт, үнэлгээ вирус тархах нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг анхааруулав.


“Financial Times”сонины мэдээлснээр, Өмнөд Африкт илэрсэн тохиолдлуудын 95 хувийг “Дельта” хувилбар эзэлжээ. Вакцины нийлүүлэлт тасалдаж, сүүлийн үед улс төрийн хүчирхийлэл дэгдээд буй Өмнөд Африкт хүн 3 орчим хувь нь л вакциндаа бүрэн хамрагдсан аж. Вакцинжуулалтын үзүүлэлт өндөр төдийгүй бага орнуудад “Дельта” хувилбар халдварын тохиолдлыг дахин нэмэгдүүлж байна.


Хүн амынх нь 6-хан хувь нь вакциндаа бүрэн хамрагдсан Индонез улсад илэрсэн халдварын тохиолдлын 99 хувь нь “Дельта” хувилбар байжээ. Энэ сард Индонез болон Өмнөд Африкт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Индонезид гэхэд л 7 дугаар сарын 14-нд 54517 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн 1 дүгээр сарын түвшнээс 4 дахин өндөр үзүүлэлт аж.


ДЭМБ-ын мэдээлснээр, коронавирусний нас баралтын түвшин долоо хоногт 43 хувиар нэмэгдсэн Африкийн дийлэнх хэсэгт мөн ижил дүр зураг ажиглагджээ. Намиби, Өмнөд Африк, Тунис, Уганда, Замби гэсэн 5 улсад нийт нас баралтын 83 хувь нь бүртгэгдсэн байна.


Сүүлийн сард Африкт 1 сая шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварын тоо маш богино хугацаанд 6 саяыг давжээ. 

Доорх зургаас харахад вакцинжуулалтын үзүүлэлт сайтай орнуудад “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлууд огцом нэмэгдэх нь нас баралтад нөлөөлөөгүй байна. Харин хүн амын цөөн хувь нь вакцинд хамрагдсан улсуудад нас баралт хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. 


“Дельта” хувилбараас үүдэлтэй халдварын тохиолдол нэмэгдэж буй улс орнуудын тоонд мөн Европ, Их Британи, Португал багтаж буй хэдий ч вакцинжуулалтын түвшин үр дагаврыг нь зөөлрүүлжээ.


Хүн амынх нь тал гаруй нь вакциндаа бүрэн хамрагдсан Их Британид нас баралт, халдварын тохиолдлын харьцуулалтын түвшин өвөл 750 тохиолдол тутамд 1 байсан бол одоо 50 тохиолдол бүрт 1 болж буурсан байна. Харин Намибид хүн амын 1.2 хувь нь вакцины хоёр тунг хийлгэсэн бөгөөд халдвар авсан 22 хүн тутмын нэг нь нас барж байгаа аж. Энэ үзүүлэлтээр Намиби нэгдүгээрт бичигдэж байна. 


Үүнээс гадна Мексикт халдварын авсан тохиолдлуудын 84 хувь “Дельта” хувилбартай холбоотой байгаа нь тус хувилбар Латин Америкийн орнуудад тархаж болзошгүйг харуулж байна.


“Дельта” хувилбар халдварын тохиолдол нэмэгдэх чухал хүчин зүйл болжээ. Шинэ хувилбарууд хуучнуудаа давамгайлсаар байгаа бөгөөд “Дельта”хувилбарыг бусдаас нь салгаж харахгүй байх нь чухал юм. Үүнээс гадна олон хүн ажиллаж, хөдөлмөрлөхөөс өөр аргагүй болсон буурай орнуудад тусгаарлалтыг сулруулж буй нь нас баралтынтүвшин нэмэгдэхэд томоохон нөлөө үзүүлж байна” хэмээн Оксфордын их сургуулийн дэлхийн эрүүл мэндийн салбар хариуцсан тэнхимийн эрхлэгч ТрудиЛэнг хэлжээ.


WABC” цахим хуудасны мэдээлснээр, АНУ-д сүүлд бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын 58 хувь нь “Дельта” хувилбартай холбоотой тохиолдлууд байжээ. Өнгөрсөн 5 дугаар сард “Дельта” хувилбар нийт тохиолдлуудын 3-хан хувийг эзэлж байжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсад эмч нарт дахин яаралтай тусламж үзүүлэх шаардлага тулгараад байгаа аж. “Дельта” хувилбар Дакота, Вайоминг муж улсаас бусад бүх хэсэгт эрчтэй тархсаар байна. Арканзас, Флорида, Миссури муж улсад энэ үзүүлэлт хамгийн өндөр түвшинд байна. Үүнтэй холбоотойгоор Лос-Анжелес хотын эрх баригчид вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран оршин суугчдаас амны хаалтаа зүүхийг дахин шаардах болжээ. Мөн Невада, Флорида, Миссисипи, Техас муж улсын захирагчид хязгаарлалтыг нэвтрүүлж эхлээд байгаа аж. 


Түүнчлэн “Дельта” вирус тархсанд санаа зовниж буй ЕХ-ны хэд хэдэн улс хязгаарлалтаа дахин чангатгах шийдвэр гаргажээ. Тодруулбал, Испанийн Валенсиа зэрэг Газрын дундад тэнгисийн 30 гаруй хотод оройн хөл хорионы цагийг сэргээгээд байна. Каталоны дүүрэгт шөнийн цэнгээний газруудыг 12:30 гэхэд хааж, олон нийтийн газар хооллохыг хориглох боломжийг судалж байгаа аж.


Литва иргэдийг хилээрээ нэвтрүүлэх эрхэд 7 дугаар сарын 5-наас дахин хязгаарлалт тогтоогоод байна. Тухайлбал, эрсдэлтэй орнуудаас ирсэн хүмүүс шинжилгээ өгөх, тусгаарлалтад хамрагдах шаардлагыг дахин биелүүлэх ёстой болжээ.


Словак мөн гадаад болон дотоодын хилийн хяналтыг чангатгах замаар халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээ авч байна. Бельги улс Португалаас ирэх иргэдээ хатуу хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байгаа ч албан ёсоор хараахан зарлаагүй аж. Энэ хязгаарлалт нь хэрэгжвэл Португалаас ирэх иргэд шинжилгээнд хамрагдах, вакцин хийлгээгүй хүмүүс нь 10 өдөр тусгаарлагдах ёстой аж.


Португал болон ОХУ-д “Дельта” хувилбараар халдварласан олон тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Герман тус хоёр улсын аялагчдыг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. “Цаашид энэ хувилбарын тархалтад хяналт тавихын тулд ЕХ нэгдсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй хэмээн Германы канцлер АнгелаМеркель цохон тэмдэглэсэн байна. 


 Эх сурвалж:IndiaToday, Financial Times

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn