Өмнөговийн ОЮУТНЫ ХОТХОНЫ барилгыг АН-ынхан царцаажээ

476
Одоогоос хоёр жилийн өмнө Өмнөговь аймгийн оюутнуудад зориулан Улаанбаатар хотод, Туул голын хөвөөнд 500 оюутан амьдрах боломжтой хотхон барихаар шавийг нь тавьж, бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлсэн байдаг.
Ингэхдээ бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргахаар болсон юм.
Оюутны хотхоныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах байсан ч өнөө хэр нь ашиглалтад ороогүй, ашиглалтад орох нь битгий хэл санхүүжилтийг нь гацаажээ.
Шалтгаан нь, өнгөрсөн орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт АН ялалт байгуулсантай холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, тус аймагт МАН-ыг засаглаж байхад эхлүүлсэн Оюутны хотхоны бүтээн байгуулалтын ажлын хөрөнгийг АН засаглаж эхэлсэн даруйдаа шаардагдах хөрөнгийг нь аймгийн төсвөөс хасаж, барилгын ажлыг нь царцаасан хэмээн оюутнууд болон санаачлагчид нь гомдолтой байна. 
Өмнөговь аймгийн төсвөөр Улаанбаатарт Туул голын хөвөөнд баригдаж байсан дээрх оюутны хотхоны бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байжээ.
Тус оюутны хотхоныг барих ажлыг анх өмнөх парламентад Өмнөговь аймгаас сонгогдон ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Л.Энхболд санаачилж байжээ.
Тэрбээр өөрийн санаачилсан бүтээн байгуулалтын ажил нь зогссонд бухимдан "Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бүтээн байгуулалт, Оюутны хотхон. Санхүүжилтийг нь гацааж байдаг нь тавилан юм даа. Тус болохгүй ч гай болдоггүй удирдлагууд байх л хэрэгтэй" хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. 
Түүнтэй холбогдож, байр суурийг нь сонслоо.
Гишүүн асан Л.Энхболд "Анх Өмнөговь аймгийн оюуьан, залууст зориулсан хотхон байгуулах ажлыг 2014 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа санаачилж байсан. Тухайн үед өөрийн санаагаа дэвшүүлсэн боловч АН-ынхан эрх барьж байсан болохоор хүлээж аваагүй. Тэд хөрөнгө мөнгө нь хэцүү гэх шалтаг хэлсэн. Дараа нь 2016 онд миний бие Өмнөговь аймагтаа ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, энэхүү ажлыг эхлүүлэх санаачилгыг дахин дэвшүүлсэн. Уг нь, хотхон барихад шаардагдах хөрөнгө, мөнгийг нь улсын төсөвт суутгах боломж байсан ч эрх мэдэлгүй болсон цагт улс буцаагаад авчих магадлалтай. Өөрөөр хэлбэл, дараа нь яагаад заавал улсын төсвөөр барьсан хотхонд зөвхөн Өмнөговийн оюутнууд амьдардаг юм гээд улс буцаагаад авчих магадлалтай гэж үзсэн. Тиймээс тухайн үед миний бие өөрийн хөрөнгөөр газрыг нь худалдаж авч, аймгийн Тамгын газарт ямар ч үнэ, мөнгө авахгүйгээр өгсөн. Ингэхдээ оронд нь тэнд Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод сурахаар ирж байгаа залууст зориулж, 500 оюутны хотхон барихаар тохиролцсон. Нийт 9 тэрбум гаруй төгрөгөөр төсвөөр иж бүрэн оюутны хотхон барих зураг төсөл зэргийг нь хийлгэж, өнгөрсөн 2018 оноос бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлээд байсан юм. Энэхүү хотхоныг барьж, ашиглалтад оруулснаар олон давуу талтай байх байлаа. Наад зах нь эцэг, эхчүүдийн нуруунаас эдийн засгийн хүнд ачааг нь авна. Оюутнууд хаана амьдрах вэ гэж санаа зовохгүйгээр зөвхөн сурахдаа л анхаарна. Тэнд нь номын сан, фитнес, урлаг заал гээд бүх үйлчилгээ нь цогцолсон хотхон барихаар бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлээд байлаа. Жилийн 300 мянган төгрөгөөр түрээслэх байсан юм. Жилдээ Улаанбаатар хотод сурахаар Өмнөговь аймгаас 700 гаруй оюутан ирдэг. Харин 500 гаруй оюутан төгсдөг гэх судалгаа гарсан. Нийтдээ 2500 гаруй оюутан Улаанбаатар хотод сурч, амьдардаг гэх тооцоолол бий. Харамсалтай нь, одоогийн Өмнөговь аймгийн удирдлагууд уг хотхоны санхүүжилтийг нь гацаагаад байна. Би эрх мэдэлгүй байгаа болохоор санхүүжилт нь яг хаана гацсаныг нь мэдэхгүй. Гэхдээ барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанитай нь холбогдсон. Тэд санхүүжилт гацсан гэдэг зүйлийг хэлсэн. Тиймээс л өөрийн байр сууриа цахимд сүлжээндээ илэрхийлсэн юм" гэж болсон процессыг тайлбарлалаа.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой утсаар холбогдож, үүссэн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Тэрбээр "Оюутны хотхоны санхүүжилтийг царцаачихсан байгаа нь үнэн. Гэхдээ удахгүй аймгийн төсөвт тодотгол хийнэ. Тэр үед хөндөгдөх байх. Төсөвт тодотгол хийсний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэх тайлбарыг өгөв.
Харин Өмнөговь аймгийн Оюутны холбоотой холбогдоход "Бид Улаанбаатар хотод оюутны хотхонтой болно гэж их баярлаж байсан. Гэвч бүтээн байгуулалтын ажил нь 70 хувьтай явж байхад санхүүжилтийг нь гацаалаа. Үнэхээр харамсалтай. Уг нь, 2020 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан. Гэтэл 2020 оны сонгуульд МАН ялагдаж, АН ялалт байгуулсан. Тэд санхүүжилтийг нь зогсоосон. Шаардагдах хөрөнгө нь 2020, 2021 оны аймгийн төсөвт суугдаж, бүтээн байгуулалтын ажил нь үргэлжлээд явах ёстой байсан. Харин энэ жилийн төсөвт суугдаагүй тул барилгын ажил нь 70 хувьд хүрээд гацчихсан байгаа" гэх байр суурийг илэрхийллээ. 
Оюутны хотхон төслийг анх УИХ-ын гишүүн асан Л.Энхболд санаачилсан бөгөөд тухайн үедээ аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт энэхүү хотхоныг байгуулахаар тусгаад байсан аж. Тэд нийт 500 оюутны амьдрах боломжтой уг хотхоныг байгуулснаар чанартай боловсон хүчнийг бэлтгэхэд сурах орчин бүрдүүлж өгч байгаагаараа онцлог гэж үзэж байжээ. Төслийн багийнхны тооцоолж байгаагаар нэг оюутан жилд 300-400 мянган төгрөгийн зардалаар уг хотхонд амьдрах боломжтой болох байсан юм.  
Харин Өмнөговиос жилдээ 500 орчим хүүхэд оюутан болж, Улаанбаатар хотыг зорьж байгаа судалгааг "Говийн хүү" сангаас гаргасан байдаг. Тус аймгаас Улаанбаатар хотод 2500 гаруй оюутан сурч байгаа бөгөөд тэдний 48 хувь нь түрээсийн байранд, 19 хувь оюутны байранд, 29 хувь нь хамаатан сандан найз нөхдийндөө амьдарч байгаа гэсэн судалгаа гаргаж байжээ. 
https://news.zindaa.mn/3sst
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn