Үерийн улмаас үүдсэн гамшгийг арилган ажиллаж байна
Өмнөговь аймгийн төв Даланзадгадад усархаг бороо 3 хоног үргэлжлэн орсны улмаас үүдсэн гамшгийг арилгахаар ажиллаж байна.
Тус сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар зарим хатуу хучилттай замуудыг сэтэлсэн тул зам хаалттай, цэвэр, бохирын хоолойн шугамтай газруудад цөмрөлт үүссэн, зарим хорооллууддаа гэрэл цахилгаан тасарсан байдалтай байна. Мөн хавтгай дээвэртэй үнсээр дээврээ хучсан айлуудын байшин, гражийн дээврийн нуруу нь ус даахгүй ихээр нурсан тохиолдол байгаа юм. Аймгийн Онцгой комиссоос засмал замгүй газраар машинтай зорчихгүй байхыг сануулж байна. Учир нь газар ивэрч цөмөрч байгаа тул авто машинтай иргэд суулаа гэх дуудлага их ирж байгаа аж. Үүнээс гадна орон сууцнуудын доорх хонгил, гражуудад ус их хэмжээгээр орсон. Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Энержи Ресурс" ХХК-иуд тус бүр Godwin cd160 хэмээх 1 цагт 473м3 ус соруулах хүчин чадалтай техникийг нийгмийн хариуцлагын хүрээнд хүч нэмэгдүүлэн ирүүлснээр усыг хурдан хугацаанд юүлж байна. Мөн байгалийн онц аюултай үзэгдлийн үед хувь хүмүүс байгууллагууд хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Жишээлбэл "Өмнөговь Карго"-ны хамт олон үер усны аюулд өртсөн айл өрхүүдэд, хүн хүч, техникийн тусламж дэмжлэг үзүүлсэн бол "Ёл УАЗ" клубийн залуус шаварт суусан машинуудыг татаж гаргах ажилд дэмжлэг үзүүллээ.
Даланзадгад сумын 6-р багийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдорж "Үерийн усанд хамгийн их өртсөн багуудын нэг манай баг. Энэ хугацаанд таван айлыг нүүлгэн шилжүүллээ. Мөн гэртээ байх боломжгүй болсон иргэдийг НХҮГ-ын сувиллын байр болон хуучин багийнхаа төвд байрлуулсан. Хүнд цаг үед багийн иргэд маш их туслаж байна" гэлээ.
Үүнээс өмнө тус сумын орчимд усархаг аадар бороо орсны улмаас үерт авсан тул аймгийнхаа газрын дээд талд буй үерийн даланг үргэлжлүүлэн тэлж түр далан барьсан нь энэ удаад асар их усыг хааж чадсан гэж албаны хүмүүс хэлж байна.