Дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо 250 сая давжээ

388

Дэлхийн улс орнуудад "Дельта" хувилбарын тархалт намжих хандлага ажиглагдаж байгаа ч Зүүн Европын орнуудад өдөрт шинээр илрэх “COVID-19” халдварын тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэх болоод буй энэ цаг үед дэлхий даяар илэрсэн халдварын тохиолдлын нийт тоо 250 сая давлаа.
“Reuters” агентлагийн тоон мэдээллээр, дэлхийн хэмжээнд өвчлөл сүүлийн гурван сарын хугацаанд 36 хувиар буурсан ч халдварлах чадвар өндөр “Дельта” хувилбарын улмаас халдварын тохиолдлын тоо 90 хоногт 50 саяар нэмэгдсэн хэвээр байна. Сануулан дурдахад, “COVID-19”-ийн эхний 50 сая тохиолдол нэг жил орчмын дотор бүртгэгдэж байсан юм.
Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд вакцинжуулалтын ачаар олон орон цар тахлын хамгийн хүнд үеийг ардаа орхисон гэж үзэж байгаа ч хүйтний улирал ойртож, иргэд олноороо цуглардаг баярын өдрүүд ирж байгаа тул халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэж болзошгүй гэдгийг сануулсаар байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тархвар судлаач Мариа Ван Керхове 11 дүгээр сарын 3-нд “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ, халдвар хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурснаар 2022 оны эцэс гэхэд вирусийг хяналтдаа авна гэж бид бодож байна хэмээн ярьжээ.  

Одоогийн байдлаар дэлхийн 240 орноос 55 оронд өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд ОХУ, Украин, Грект цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлтүүд бүртгэгдэх болоод байна. Зүүн Европ нь бүс нутагтаа вакцинжуулалтын түвшнээрээ сүүл мушгиж байгаа бол дэлхийн хэмжээнд өдөрт илэрч буй халдварын тохиолдлуудын тэн хагасаас илүү хувь нь Европын орнуудад бүртгэгдэж, дөрвөн хоног тутам нэг сая тохиолдол илэрч байна.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын муж хэд хэдэн муж хязгаарлалтын нэмэлт арга хэмжээнүүдийг танилцуулж, ажлын бус өдрүүдийг сунгана гэдгээ мэдэгджээ. Мөн олон орны удирдагчид дэлхий даяар, тэр дундаа ядуу буурай орнуудад вакцинжуулалтын аяныг эрчимжүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглээд байна.
“Our World in Data” цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын тэн хагасаас илүү хувь нь “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамрагдаагүй байгаа бөгөөд бага орлоготой орнуудад энэ үзүүлэлт тав хүрэхгүй хувьтай байна. Иймд вакцины хүртээмжийг сайжруулах асуудал Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны/АПЕК/уулзалтаар хэлэлцэх гол сэдэв болох төлөвтэй байна. Энэхүү уулзалтыг Шинэ Зеланд энэ долоо хоногт цахимаар зохион байгуулна.

Өнгөрсөн сард ДЭМБ тэргүүтэй тусламжийн байгууллагууд ирэх 12 сарын хугацаанд ядуу буурай орнуудад “COVID-19”-ийн вакцин, оношлуур, эм нийлүүлэх 23.4 тэрбум ам.долларын төлөвлөгөөг санхүүжүүлэхийг дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 20 оронд уриалсан билээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn