Д.Баярболд: 321 резидент эмчийг орон нутагт ажиллуулна

1 362

Хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр хэлэхдээ “21 аймгийн хэмжээнд отор нүүдлээр болон өөрийн аймагт өвөлжиж буй 68,361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан.
Тодруулбал
  • Жирэмсэн эх 2,129
  • 0-5 насны хүүхэд 8,012
  • Өндөр настан 13,544
  • Хөгжлийн бэрхшээлтэй 4,705
  • Архаг суурь өвчтэй 11,650 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.
Мөн нийт 3,585 өрхөд эмийн багц хүргэсэн.
Улсын Онцгой Комисс (УОК)-ын даргын тушаалаар эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг орон нутагт 4-5 эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч нар, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж буй.
Тус баг зам даваа хаагдсан өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэхийн зэрэгцээ 350 өрхөд эмнэлгийн багцаа хүргэж ажилласан” гэв.
Түүнчлэн “Эрүүл мэндийн сайдын шийдвэр өнөөдөр гарлаа.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилт хүндэрч улсын болон эрүүл мэндийн салбарын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.
Үүнтэй холбогдуулан зудын нөхцөл байдалд байгаа орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хэвийн хүргэх зорилгоор Эрүүл Мэндийн Яамны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагуудад суралцаж байгаа Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвд бүртгэлтэй үндсэн мэргэжлийн нийт 321 резидент эмчийг хоёрдугаар сарын 24-нөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдэлд ажиллуулахаар шийдсэн.
321 резидент эмч нар аймгийнхаа эрүүл мэндийн газарт очиж зудын хүндрэлтэй, эрүүл мэндийн ажилтан дутагдалтай байгаа сумдад ажиллахаар болж байна.
Улсын хэмжээнд зайлшгүй шаардлагатай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн гурав хүртэлх сарын нөөц байна. Тасарсан эм, тариа одоогоор байхгүй. Орон нутагт зудтай энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал нь туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн машин” гэлээ.
Мөн 2023 оны арванхоёрдугаар сард гаргасан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 аймгийн 20 суманд түргэн тусламжийн машиныг нийлүүлсэн. Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 63 дугаар тогтоолоор алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн зориулалттай 60 автомашин хуваарилах шийдвэр гарсан гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Umnugovi.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
umnugovi.nutag.mn